Тейлор хийцтэй хувцасны шинэчлэгдсэн хувилбарыг Prada харууллаа
Prada-гийн хавар-зун 2023 эрэгтэй загварын шоуны үеэр цацган чимэглэлтэй, хээтэй цамц, тейлор хийцтэй шоорт өмссөн цуглуулгын гурав дахь төрх гарч ирэхэд шоу болж байсан танхимын таазнаас хайлуулсан слайм шиг бүтэцтэй шингэн зүйл шал уруу гоожиж эхлэв. Тус шингэн нь яг л таазнаас тогтоосон нэвт гэрэлтдэг хөшиг мэт харагдах бөгөөд үзэгчид сууж байсан хэсэг болон моделиуд алхаж байсан үндсэн тайзыг голоор нь тусгаарлаж байлаа. Энэ нь зүгээр нэг үзэгчдийг гайхшируулах шоуны нэг хэсэг төдий биш бөгөөд цуглуулгын “Fluid Form” нэрээс улбаатай байна. Өөрөөр хэлбэл, загварын ордны бүтээлч захирлууд хувцсаа яг л шингэн бүтэцтэй мэт тав тухтай байхаар бодолцон урлажээ.
Тэд содон соргог, этгээд хачин зүйл эрэлхийлэхийг зорьсонгүй. Харин загварын салбарт аль хэдийнээ танигдсан тейлор хийцтэй хувцсаар шинэ цуглуулгынхаа суурийг тавьжээ. Раф Симонс хэлэхдээ 1940-өөд онд ихээхэн дэлгэрч байсан сул эсгүүртэй тейлор хувцсыг цуглуулгадаа оруулахыг зорьсон байна. Тухайлбал, тэд үүргэвч үүрчихсэн юм шиг хүнд оргиулах талтай ноосон материалыг орлох ультра хөнгөн модерн хувилбарыг бүтээж, мөн биеийн галбирыг үл тоомсорлон бүтээгдсэн гэлтэй хурц өнцөг бүхий геометрийн дүрстэй силуэтийг юу ч өмсөөгүй мэт тухтай мэдрэгдэх цамцны дизайнаар сайжруулжээ.
Сэм харвал комбинезон, ажаад үзвэл хоёр тусдаа өмд болон пиджак, V энгэртэй тейлор хийцтэй цамц, цамцан дээр шаглан урласан цацган деталь, үслэг хантааз зэрэг нь цуглуулгын таних тэмдэг болж байв. Үүнээс гадна Миучча Прадагийн түлхүү Miu Miu-гээр дамжуулан хэрэгжүүлэх дуртай дотуур хувцсаа ил гаргах стилистик аргачлал Prada ордны загварын шоуны үеэр тусгалаа олсон байлаа.