“Америкийн мисс” тэмцээний оролцогчид дахин усны хувцастай тайзнаа гарахгүй
#byebyebikini
"Америкийн мисс" тэмцээний зохион байгуулагчид оролцогчдын уламжлалт усны хувцастай гараанаас татгалзахаар шийджээ. Тэдний онцолсноор одооноос оролцогчдыг гаднах төрхөөр нь дүгнэн шүүхээ болих гэнэ. Энэ талаар ABC мэдээллэж байна.
"Бид шоу байхаа больсон. Харин бид бол юуны түрүүнд тэмцээн юм" хэмээн зохион байгуулагчдын зөвлөлийн гишүүн ба өмнө нь "Америкийн мисс"-ээр өргөмжлөгдөж байсан Гретхен Карлсон хэвлэлийнхэнд зарлажээ.
Одооноос "Америкийн мисс" тэмцээний өрсөлдөгчид усны хувцастай тайзнаа алхахын оронд шүүгчдийн багын хамтаар нээлттэй хэлэлцүүлэгт оролцох болно. АНУ-ын 50 муж болон Колумбын дүүргээс оролцож буй бүсгүйчүүд өөрсдийн оюуны чадавх, хүсэл тэмүүлэл болон "Америкийн мисс" гэх өргөмжлөлийн талаарх ерөнхий ойлголтоо харуулан хоорондоо өрсөлдөх байна.
"Олон охид бүсгүйчүүд тэмцээнд оролцохдоо усны хувцас болон өндөр өсгийт өмсөн тайзан дээгүүр алхах хүсэлгүй байгаагаа бидэнд илэрхийлдэг байсан. Тэгвэл одоо энэ бүхнийг бид цуцалж байна" хэмээн Карлсон нэмж хэлжээ. Түүний онцолсноор "Америкийн мисс" тэмцээн одоо оролцогчдын авьяас чадвар ба ололт амжилт дээр тулгуурлах гэнэ. Ингэснээр тэмцээний зохион байгуулагчид шинэ оролцогчдыг татаж, бүх бүсгүйчүүдийн бололцоог тэлэх аж.