Бейонсегийн Ivy Park брэндийн шинэ сурталчилгаанд стандарт бус моделиуд оролцлоо
Хүн бүр өвөрмөц
Бейонсегийн эзэмшдэг спорт хувцасны Ivy Park брэнд намар-өвөл 2017 улирлын шинэ цуглуулгын сурталчилгааг танилцууллаа. Зураг авалтад "Orange Is The New Black" цувралын трансжендер жүжигчин Лаврен Кокс, Нью-Йоркийн бүжиг дэглээч ба бүжигчин Карен МакДональд, сэвхтэй дүр төрхөөрөө алдартай Ральф Суфран гэх зэрэг стандартын бус моделиуд оролцсон нь олны анхаарлыг татаад байна.
Бейонсегоос шинэ сурталчилгааны талаар асуухад тэрээр "Бид энэ сурталчилгаагаараа дамжуулж хүн бүр өвөрмөц гэдгийг онцолж, үүнийг магтан дуулахыг хүслээ. Жинхэнэ гоо үзэсгэлэн дотроос гэрэлтдэг. Тухайн хүний хүчирхэг зан байдал түүнийг үзэсгэлэнтэй болгодог юм" хэмээн хэлжээ.
"Эдгээр загвар өмсөгчид хүний дотоод сэтгэлийн мөн бие мах бодийн хүч чадалд хязгаар үгүй гэдгийг баталдаг. Ямар ч дүрэм, ямар ч хязгаар гэж байхгүй. Тэдний сэтгэлийн тэнхээг гадаад төрх, гарал угсаа, хүйсийн ялгаа, бэлгийн чиг хандлага, насны зөрүү гээд юу ч зогсоож чадахгүй" гэж Ivy Park брэндийн албан ёсны вебсайт дээр бичигдсэн байна.
Ivy Park-ийн шинэ цуглуулгад хайчилбартай богино топ, логотой хөвөн даавуун цамц, даавуун хослол, хамба хилэн саравчтай малгай болон бусад спорт хэв маягийн хувцаснууд багтжээ.