Хайх

Бюро 24/7-гийн уншигчид \"Michel & Amazonka\"-г 2016 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Бюро 24/7-гийн уншигчид "Michel & Amazonka"-г 2016 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Санал асуулгын дүн

Text: Ж.Чинбат


"Таны бодлоор 2016 оны шилдэг дизайнер хэн бэ?" санал асуулгад оролцсон 11 дизайнераас Michel & Amazonka маркийн дизайнерууд уншигчдын саналаар тэргүүн байр эзэллээ

Michel & Amazonka маркийг хөгжүүлэгч эгч, дүү дизайнер Ч.Нямханд, Ч.Мишээл нарыг Бюро 24/7-гийн уншигчид 31%-ийн саналаар оны шилдэг дизайнер хэмээн нэрлэсэнд гайхах зүйлгүй биз ээ. Michel & Amazonka загварлаг, орчин үетэйгээ хөл нийлүүлдэг олон бүсгүйчүүдийн сонголт болж, шинэ жилийн баярын үдэшлэгүүдэд тэдний даашинзаар гоёсон бүсгүйчүүд хаа сайгүй үзэгдэж байна. Дизайнер эгч, дүүс энэ жил хавар-зун 2016, зун-намар 2016, намар-өвөл 2016 гэсэн гурван улирлын цуглуулга гаргаж, Байкалийн загварын долоо хоног болон Монголын дизайнеруудын нэгдсэн холбооны шоунд өөрсдийн загваруудаа танилцуулсан юм. Дизайнерууд үндэсний хувцасны донж маягийг орчин үетэй хослуулж, хувь хүний дахин давтагдашгүй байдлыг тодотгож өгсөн загварлаг хувцаснууд бүтээдэг нь ийнхүү олны хайрыг татаж чадлаа. 

Бюро 24/7-гийн зүгээс уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгад 2016 онд шинэ цуглуулга танилцуулсан, загварын шоу хийсэн  нийт 11 дизайнер оролцсон. Өнгөрсөн 2015 онд уншигчдаас хамгийн олон саналыг авч байсан Торго салоны хамт олон энэ удаад санал асуулгаас өөрсдийн нэрийг татсан юм. Уншигчдаас хамгийн олон санал авсан маркуудын хоёрдугаарт 24%-ийн саналаар 93//KidULT-ын дизайнерууд бичигдлээ. Дизайнер Л.Нямсүрэн, Б.Батжаргал нар мөн л энэ 2016 онд маш идэвхтэй ажиллаж дөрвөн улиралд тус бүр нэг, нэг капсул цуглуулга гаргасан. Тэдний чөлөөт загвартай, футуристик хэв маягтай, хүйс харгалзахгүй хувцаснууд нь залуучуудын их татаж, сонирхлын том бүлэг бий болгож чадсан байгаа.

Бюро 24/7-гийн уншигчид "Michel & Amazonka"-г 2016 оны шилдэг дизайнераар нэрлэлээ (фото 1)

Санал асуулгад оролцсон бусад дизайнерууд уншигчдын саналыг тэнцүүхэн хувааж авчээ. Тэднээс дизайнер Ж.Мандхай Лондонд, Б.Явууцагаан Токиод, М.Цолмандах Франц дахь худалдан авагчдад зориулж загвараа гаргадаг тул бүгд санал асуулгад адилхан өрсөлдөх боломжгүй юм. Гэвч эдгээр дизайнерууд бүгдээрээ энэ оны шилдэг дизайнерууд. Учир нь хувцас загварын ертөнцөд ажиллах хүсэл эрмэлзэлтэй, өөрсдийн маркаа хөгжүүлэхийг хүсч байгаа маш олон уран бүтээлчид бий. Харин тэдэн дотроос үйл ажиллагаагаа тогтмол явуулж, шинэ цуглуулга, загварын шоугаар өөрийн хэрэглэгч, худалдан авагчидтайгаа хамт байна гэдэг нь Улаанбаатарт дизайнеруудын амжилтыг хэмжих гол шалгуур нь юм.

Ирэх 2017 онд Монголын загварын ертөнцөд илүү олон үйл явдал өрнөх биз ээ. Цоо шинэ уур амьсгал, дүр төрхүүд гарч ирж, хамгийн гол нь хэрэглэгчид дизайнеруудаа улам бүр дэмжсэн сайхан жил болно гэдэгт бид итгэлтэй байна. 

цааш үзэх