Хайх

Michel & Amazonka хавар, зун 2016 цуглуулга гарлаа

Michel & Amazonka хавар, зун 2016 цуглуулга гарлаа

Та анхны үзэгч нь

Text: Ж.Чинбат


Загвар зохион бүтээгч эгч дүүс болох Ч.Нямханд, Ч.Мишээл нарын бүтээж буй Michel & Amazonka марк "I'm watching you!" нэртэй шинэ цуглуулгаа Бюро 24/7-гийн хуудсаар дамжуулан та бүхэнд танилцуулж байна

Монголын уламжлалт соёл Michel & Amazonka маркийн дизайнеруудыг урамшуулсаар байна. Дорнын уур амьсгалтай, япон мэт минамал хэлбэртэй "I'm watching you" цуглуулгын загваруудаа тэд энэ удаад монгол уран барилгын хээ угалз, хангарьд хэлбэрийн Богд хааны наадгай зэрэг өвөрмөц зүйлсээр чимэглэжээ.

Ч.Мишээл, Ч.Нямханд нар өнгөрсөн 2015 оны зургаадугаар сард буюу яг энэ үед загварын шоугаа амжилттай зохион байгуулснаас хойш гурван цуглуулга гаргаад байсан юм. Тэдгээр цуглуулгуудыг нэгтгэж байсан монгол уур амьсгалтай загварууд болон үндэсний хээ, торгон бомбер хүрэм, торон топ, цэмцгэр юбка, япон юката энэ цуглуулгад дахин оржээ. 

Энэ нь тэгэхдээ дизайнер бүсгүйчүүд шинэчлэгдэхээс татгалзсан хэрэг биш ээ. Тэд 2016 оны тавдугаар сарын 21-нд Солонгос улсын Сувон хотноо зохион байгуулагдсан "Asian fashion festival"-д оролцох зорилгоор энэ шинэ цуглуулгын 30 загварыг гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл Michel & Amazonka маркийн загваруудыг анх удаа харах гадаад үзэгчдэд өөрсдийн хэв маягаа харуулахыг зорьсон аж.

Мэдээж цуглуулгад тодорхой шинэчлэлтүүд бий. Бүх загварыг урлахдаа илүү уран, нарийн ажиллагаатай болгосноос гадна эгч дүүс хантаазыг илүү их онцолсон байна. Тэд хантаазыг ирэх жилийн гол тренд болгохыг хүсч байгаа бөгөөд, дан торгон материалаар хийгддэг байсан хэв маягийг нь эвдэж, залуучууд шууд жийнсэн өмд, эсвэл юбка болон даашинз дээр ч өмсөж болохуйц болгожээ. 

Michel & Amazonka хавар, зун 2016 цуглуулга гарлаа (фото 1)

"Хантаазны гол санааг эгч, дүү бид гурав багаасаа өмсөж байсан өвөөгийнхөө хуучин хантаазнаас авч хийсэн. Материал болон технологийн шинэчлэлийг олон зуун жилийн түүхтэй хантааз хэмээх монгол үндэсний хувцсандаа оруулж өгснөөрөө онцлогтой. Мөн судалгаа хийж байх явцдаа түүхэн хөрөг зургууд дээрх хантаазных нь гоё, донжтой байдлыг бас их харсан" гэж Ч.Мишээл хэллээ.

Дизайнерууд шинэ цуглуулгаа торго, тор, магнаг, үйтэн хуар болон хиймэл үслэг зэрэг материалуудаар урласан харагдана. Хөрөвжсөн хурганы арьс мэт тайлагддаг оруулгыг тэд хантааз болон юбкандаа оруулж, өвөл-зуны алинд ч өмсөж болохуйц байдлаар шингээсэн байна. 

Цуглуулгын бас нэг сонирхолтой хэсэг нь энэ жил тренд болоод буй пижам мэт урт даашинз, майк зэргийг тэд үндэсний хээгээр чимэглэж хийсэн байна. Эдгээр загварууд зуны халуун өдрүүдэд Улаанбаатарын гудамжинд олон харагдах биз ээ. 

Шинэ цуглуулгын зураг авалтыг С.Гансүх хариуцан хийсэн бөгөөд тэрээр NASA агентлагийн сансараас буулгасан зурагны өмнө Michel & Amazonka маркийг дахин нэг удаа төлөөлсөн Б.Ялгууны зургуудыг авчээ. 

Michel & Amazonka хавар, зун 2016 цуглуулга гарлаа (фото 2)Michel & Amazonka хавар, зун 2016 цуглуулга гарлаа (фото 3)Michel & Amazonka хавар, зун 2016 цуглуулга гарлаа (фото 4)

 

цааш үзэх