Сhanel брэндийн бүтээлч захирлаар Матье Блази томилогдлоо
Сhanel загварын ордон өнгөрсөн шөнө шинэ бүтээлч захирлаа албан ёсоор томиллоо. Тус албан тушаалд 2021-2024 онд Bottega Veneta брэндийн бүтээлч захирлын албыг хашиж байсан, 40 настай дизайнер Матье Блази томилогдсон байна.
Матье Блази Брюсселийн нэр хүндтэй La Cambre загварын сургууль төгссөн. Тэрээр Balenciaga-д дадлага хийж, Raf Simons, Maison Margiela, Céline, Calvin Klein зэрэг брэндүүдэд тус тус ажиллаж байсан туршлагатай. Улмаар 2021 оноос Италийн тансаг зэрэглэлийн Bottega Veneta брэндийн бүтээлч захирлаар ажиллаж байгаад хэдхэн өдрийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн юм.
Матье Блазигийн өмнө Сhanel загварын ордны бүтээлч захирлаар Виржини Виар ажиллаж байсан. Виржини Виар 30 гаруй жилийн турш Chanel-д зүтгэсэн бөгөөд үүнээс таван жилийн хугацаанд бүтээлч захирлаар ажиллаж, энэ оны зургаадугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Блази бүтээлч захирлын ажлаа 2025 оны дөрөвдүгээр сараас албан ёсоор хүлээж авах ба тэрээр кутюр болон ready-to-wear, аксесуар зэрэг загварууд дээр ажиллах бөгөөд түүний анхны цуглуулга 2025 оны аравдугаар сард танилцуулагдана хэмээн төлөвлөгджээ.
“Шинэ бүтээлч захирал хайх ажил удаан үргэлжилж, зургаан сарын хугацааг зарцуулсны эцэст бид яг хайж байсан хүнээ оллоо. Бид 10 жил, 15 жил, магад түүнээс дээш хугацаанд хамтран ажиллана гэж итгэж байна. Бидний түүх дөнгөж эхэлж байгаа бөгөөд брэндийн шинэ бүлгийг хамтдаа бичилцэнэ” хэмээн Chanel ордны загварын хэлтсийн ерөнхийлөгч Бруно Павловски албан ёсны мэдэгдэлдээ тэмдэглэжээ.