Дал модны доор: Cèline-ы шинэ сурталчилгаа
Намар-өвөл 2016
Саармаг өнгөнүүд, зөөлөн хэлбэрүүд, нарны дулаан туяа зэрэг нь Фиби Файлогийн шинэ намрын сурталчилгаанд үзэгдэнэ
Энэ оны гуравдугаар сард Парисын загварын долоо хоногийн хүрээнд Cèline брэнд өөрсдийн тайван уур амьсгалтай, саармаг өнгөтэй, ямарваа нэгэн нэмэлт чимэглэлгүй, даруухан хэв маягтай намрын цуглуулгаа танилцуулсан билээ. Франц загварын ордны өмнөх цуглуулга хэлбэр дүрсний сүйрэл дээр суурилсан байсан бол, энэ удаагийнх эсрэгээрээ бүтээн байгуулалтыг төлөөлсөн байна.
Сайтар ажиглавал цуглуулгын хувцас бүр маш зөөлөн материалаар хийгдэж, амар амгалан аястай болсон байгаа. Энэ онцлогийг брэндийн бүтээлч захирал Фиби Файло намрын сурталчилгаандаа төгс тусгахыг хүсэж, зураг авалтыг тав тухтай, гэгээлэг орчинд хийжээ.