Кендалл Женнер, Жижи Хадид нар дэлхийн хамгийн өндөр цалинтай моделиудын жагсаалтанд багтжээ
2017 оны Forbes-ын жагсаалт
2002 оноос хойш Бразилийн супер модель Жизель Бундхен дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр шалгарч ирсэн юм. Тэгвэл сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа Forbes-ын рейтингийг Жизель Бундхенээс өөр загвар өмсөгч тэргүүллээ. Тодруулбал энэ жил загвар өмсөгч Кендалл Женнер нийт 22 сая ам.доллар олсноор 2017 оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна.
Одоо дөнгөж 22 настай Кендалл Женнер Estée Lauder гоо сайхны брэнд, дотуур хувцасны La Perla брэнд, Adidas болон бусад томоохон компаниудтай гэрээтэй ажилладаг. Мөн загвар өмсөгч бүсгүй "Keeping Up with the Kardashians" гэх гэр бүлийнхээ реалити шоунд оролцож, өөрийн дүү Кайли Женнертэй хамтран Kendall + Kylie нэртэй хувцасны марк үүсгэн байгуулж, мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан (тэр Instagram дээр 84 сая дагагчтай!) олон арван сурталчилгаа байршуулан орлогынхоо эх үүсвэрийг бүрдүүлдэг байгаа.
Кендалл Женнерийн араас Жизель Бундхен рейтингийн хоёрдугаар байранд 17,5 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ. Тэрээр энэ жил Carolina Herrera брэндийн сүрчигний нүүр царай болж, Arezzo гутлын брэнд ба Vivara гэх Бразилийн үнэт эдлэлийн ордны сурталчилгаанд оролцсон байгаа ч энэ жил түүний карьер ерөнхийдөө нам гүн байсан гэж хэлж болно.
Харин жагсаалтын гуравдугаарт модель Крисси Тейген багтсан байна. Крисси хоолны ном бичиж, Vita Coco, Smirnoff брэндүүдийг сурталчилж мөн үс арчилгааны Tresemme брэндтэй гэрээ хийснээр нийт 13,5 сая ам.доллар олж чаджээ.
Түүнчлэн Victoria's Secret-ийн хамгийн алдартай "сахиусан тэнгэр" Адриана Лима өнгөрсөн 12 сарын хугацаанд Victoria's Secret дотуур хувцасны брэндээс гадна, Marc Jacobs-ын сүрчигний нүүр царайгаар тодорч, American Beauty Star нэртэй реалити шоуг хөтлөн нийт 10,5 сая ам.доллар олсон байна.
Адриана Лимагийн араас Жижи Хадид 9,5 сая ам.долларын цалинтайгаар рейтингийн тавдугаарт оржээ. Дэлхийн томоохон брэндүүд шинэ үеийнхэнд хүрэхийн тулд 22 настай загвар өмсөгч бүсгүйг нүүр царайгаараа сонгодог гэдгийг Forbes сэтгүүл онцолж байна. Жишээ нь Жижи Хадид Maybelline косметикийн брэнд, Tommy Hilfiger загварын ордон болон Vogue Eyewear-тэй хамтран ажиллаж байгаа юм.