Өвлөөс аврагдсан нь: Ноттингхамд сурдаг монгол оюутны дулаан хүрмүүд
Анхны гараа
Загвар зохион бүтээгч болохоор Их Британий Ноттингхамын Трент их сургуульд суралцаж буй Н.Дөлгөөн анхны загварынхаа зургийг бидэнд илгээлээ. Тод ассан өнгөнүүдтэй, том хэлхгэр хэмжээтэй, дээд хэсэг нь бомбер хүрэм шиг боловч доогуураа дээл шиг, эсвэл хонхон хэлбэртэй даашинз мэт хормойтой юнисекс загварын дулаан хүрмүүдийг тэр бүтээжээ. Энэ хүрмүүд яг л ямар нэг ид шидлэг үлгэрийн орноос гарч ирсэн юм шиг харагдана. Тэгэхдээ Н.Дөлгөөн эдгээр зузаан хүрмийг хийх бүтээлч санаагаа Монгол-Түвдийн эрс, тэрс хүйтэн уур амьсгал, лам нарын жанч болон зарим Буддист сургаалиас авсан байна. Хүрмэн дээр байгаа тод цэнхэр, ягаан, номин цэнхэр өнгөтэй зургуудыг Н.Дөлгөөн өөрөө гуашаар зурж, даавуун дээр хэвлүүлжээ.
"Эдгээр загварууд ойролцоогоор 1,5 сая төгрөгөөр бүтсэн. Монголд бол Англиас өртөг багатай болохоор зардал нь хамаагүй бага гарах байх. Ирэх хоёрдугаар курсдээ би дахиад эрэгтэй, эмэгтэй нэг, нэг цуглуулга хийх ёстой. Одоогоор би зөвхөн даалгаврын дагуу загвараа гаргаж байгаа ч цаашдаа хийх бүх загварууд маань миний зурсан зургуудтай байх болно" гэж Н.Дөлгөөн ярьлаа.
Түүний анхны загварын зураг авалтыг Solid студийн гэрэл зурагчин П.Энхтүвшин /Tuvshu photography/ авч, стилистээр Н.Дөлгөөн өөрөө ажилласан байна. Н.Дөлгөөн моделиуд дээрээ дорнын утга агуулга бүхий шивээснүүд зурж, бага зэрэг Буддист уур амьсгал шингээжээ. Харин моделиор дуучин Чойжоо болон Г.Бүрэн, Э.Сод-Эрдэнэ гэх залуучууд оролцжээ.
Н.Дөлгөөний анхны зургуудаас түүний чөлөөтэй, өвөрмөц загварууд цаашдаа хэрхэн баяжиж, бидэнд ямар шинэ содон зүйл харуулах бол гэдэг нь сонирхолтой санагдлаа. Тиймээс бүгдээрээ түүнд амжилт хүсэцгээе.