Дизайнеруудын гацуур мод Парист дэлгэгдлээ: Chanel-ээс эхлээд Jean Paul Gaultier хүртэл
Гацуурхан минь асаарай!
Chanel, Jean Paul Gaultier, Emanuel Ungaro, Stella McCartney, Nina Ricci, Christian Dior болон бусад тэргүүлэх дизайнеруудын урласан хандивын гацуур модод өчигдөр орой дуудлага худалдаагаар зарагдлаа. Эндээс олсон бүх мөнгө нь сайн үйлсэд зориулагдах гэнэ. Тухайлбал өнгөрсөн жилийн орлогоор хорт хавдар ба түүнийг эдгээх эмчилгээ судлахад зарцуулагдсан байна.
Энэхүү үйл явдлыг Les Sapins de Noël des Créateurs гэж нэрлэдэг ба энэ жил хорин жилийн ойн баяраа тэмдэглэсэн байна. Парисын Champs-Elysées гудамжинд байрлах театрт болсон энэ жилийн арга хэмжээнд оролцсон дизайнерууд өнгөрсөн жилийнхээс бараг өөрчлөгдсөнгүй. Тэдний дотор сүрчиг бүтээгч Франсис Крукджян ч мөн адил энэхүү төсөлд үнэнч хэвээр үлдсэн төдийгүй шинэ бэлэгтэй иржээ. Тэрбээр үйл ажиллагаанд тусгайлан зориулсан гацуурны орцтой сүрчигээ ирсэн зочдод танилцуулсан байна.