Долоо хоногийн онцлох Instagram: Өдөр тутмын загварлаг хувцаслалтын санаа өгөх @fhlurs
Instagram-ын ертөнц дахь Céline л гэсэн үг
Сүүлийн жилүүдэд Instagram олон нийтийн сүлжээ нь загвар болон lifestyle ертөнцийн бие даасан, төвлөрсөн тавцан болсон гэж хэлж болно. Энд загвар сонирхогч болгон өөрийн гэсэн жижиг нийгэмлэг үүсгэж, хэдэн мянгаас эхлээд хэдэн зуун мянга хүртэлх хүний анхаарлыг татдаг болжээ. Харин тэр дундаас бид хамгийн сонирхолтой, өвөрмөц хуудаснуудыг танилцуулдаг бөгөөд энэ удаад @fhlurs гэх нэгэн маш нарийн мэдрэмжтэй аккаунтыг онцолж байна. @fhlurs-ийн амжилт юунд оршдог вэ гэхээр энэ хуудсыг дагасан үед та өөрийн эрхгүй тэрхүү франц маягийн гоо зүйг баримталж, өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэхийг хүснэ.
Энэхүү хуудсыг өдгөө 18 настай Сара гэх франц охин нээсэн юм. Тэрээр 15 наснаасаа эхлэн загварын блог хөтөлсөн тул түүнд багагүй туршлага бий. Сара @fhlurs төслийнхөө талаар ярихдаа үүнийг анх ердөө өөрт таалагдсан төрх ба хувцаснууд цуглуулах зорилгоор ашигладаг байснаа хэлдэг. Франц маягийн гоо зүй, урлаг, хайхрамжгүй стиль, сонирхолтой деталиуд зэргийнхээ ачаар @fhlurs Instagram-ын ертөнцийн Céline болж хувирсан. Уг хуудаст гоёмсог зураг авалтууд, бусад блогер бүсгүйчүүдийн зургууд, өдөр тутмын хувцаслалтын гайхалтай санаанууд нийтлэгддэг байгаа. Эндээс та мөн COS эсвэл H&M брэндийн энгийн цагаан цамцыг хэрхэн сэтгүүлийн зураг авалт дээрх шиг дэгжин байдлаар загварчилж болохыг сурч, үүний зэрэгцээ энгийн зүйлсээс гоо үзэсгэлэн олж харах мэдрэмжийг өөртөө хөгжүүлэх болно.