Энтони Хопкинс Brioni брэндийн нүүр царайгаар сонгогдлоо
Брэндийн шинэ бүтээлч захирал Нина-Мария Ницшегийн удирдсан зураг авалт
Brioni намар-өвөл 2017 цуглуулгын сурталчилгааны зургуудаа дэлгэлээ. Шинэ сурталчилгааны нүүр царайгаар "Meet Joe Black", "The Silence of the Lambs" кинонууд ба "Westworld" олон ангит цувралын гол дүрийн жүжигчин Энтони Хопкинс сонгогдсон байна. Сурталчилгааны зургууд дээр Хопкинс ноолууран поло футболка, хүзүүний ороолт ба хослол өмсөн гарчээ.
Сануулж хэлэхэд энэ оны зургадугаар сард Brioni шинэхэн бүтээлч захирал Нина-Мария Ницшетэй гэрээ хийсэн байгаа. Жастин О'Ши-гийн оронд ирсэн тэрээр 1989 оноос эхлэн олон жилийн турш Мартин Маржелатай хамтран ажиллаж, мөн 2016 онд Vetements брэндийн дизайны багт туршлага хуримтлуулсан юм. Харин Brioni ордонд Нина-Мария анхны эмэгтэй бүтээлч захирлын суудлыг эзэлж байна.