Фиби Буффегийн хамгийн өвөрмөц бөгөөд загварлаг төрхүүд
Төрсөн өдрийн мэнд Лиза Кудроу!
Энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж буй алдарт "Friends" цувралын жүжигчин Лиза Кудроу 56 нас хүрлээ! Хэдийгээр түүний урын санд кино ба телевизийн цувралд бүтээсэн 70 гаруй дүр байдаг ч хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, бага зэрэг хачирхалтай Фиби Буффегийн дүрээрээ тэрээр үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ.
Фибигийн стилийг эргэн харахад өнөөдөр ч эрэлттэй, загварлаг хэвээр байгаа нь гайхалтай. Богемийн хэв маягтай, цэцгэн хээтэй, газар шүргэсэн урт даашинзууд, oversize цамцнууд, нэг өнгөөр дагнасан монохром хувцаслалт, нимгэн кардиган, ретро загварын хантааз, хиймэл үстэй хүрэм, давтагдашгүй аксесуарууд мөн мэдээж хэрэг маш их жийнс! Энэ бүгдийг тэрээр хооронд нь сонирхолтой байдлаар хослуулж өгдөг нь түүний гэгээлэг, эерэг зан араншинг улам бүр тодотгодог гэж хэлж болно. Үүнээс гадна Фиби тренд болж байгаа хувцас ба аксесуар худалдан авахын оронд ойр байрлах эртний эд зүйлс зардаг зах эсвэл комиссын барааны дэлгүүрээс дахин давтагдашгүй эд зүйлс олж авахыг илүүд үздэг нь түүний стилийг улам бүр онцгой болгож өгдөг билээ.
Бид Лиза Кудроугийн төрсөн өдрийг тохиолдуулан Фиби Буффегийн хамгийн загварлаг төрхүүдийг хүргэж байна. Та ч гэсэн түүний сонирхолтой хувцаслалтаас санаа аван хэрэгжүүлж болно шүү.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт