Futuristic Type Берлинд авсан шинэ каталогины зургаа дэлгэлээ
Ретро футуристик
Futuristic Type марк өөрийн гэсэн ертөнцтэй, бие даасан, ретро-футуристик болон видео тоглоомны сэдэвтэй загвараа Берлинд танилцуулсны дараа бид Louis Vuitton-ы футуристик цуглуулга, Moschino-гийн Супер Марио-той цамц зэрэг адил уур амьсгалтай загварууд тайзнаа гарахыг харсан билээ. Дэлхийн загварын аварга брэндүүд аль болох залуус руу анхаарал хандуулж, тэдний бодол санааг эзэмдсэн ерээд он, видео тоглоом, аниме баатрууд дээр төвлөрч байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь ерээд оноос хойшхи залуус хамгийн гол худалдан авагч болон хувирсан. Дээр нь тэдний дуртай сэдэв урд өмнө нь загварт тийм ч олон хөндөгдөж байгаагүй шинэ зүйл бололтой.
Futuristic Type-ийн хоёр дах цуглуулгын гол агуулга ерээд оны ретро-футуристик хэв маяг дээр суурилсан бөгөөд видео тоглоомны сэдэвтэй, өндөр суудалтай өмд, том мөртэй хүрэм зэрэг дээр төвлөрсөн 30 загвартай байсан. Тэдгээр загварууд Берлинд Супер Мариогийн аян дээр тайзнаа анх гарсан юм. "Энд байгаа хөх хүрэмтэй төрхийг би 1990-ээд оны үеийн ээжийнхээ тухай дурсамжнаас урам авч хийсэн. Би ээжтэйгээ тийм ч их ярьдаггүй ч гэлээ энэ загвар миний түүнд ямар их хайртайг минь илтгэж байгаа юм" хэмээн И.Мөнхтуяа хэллээ.
Мэдээж дэлхийн хэмжээний аварга брэндүүд үндсэн дэд бүтэцээ ашиглан шинэ санааг хэдхэн өдрийн дотор бодит амьдрал болгож чадна. Харин загварын нийслэлүүд рүү авьяас билэгтэй дизайнеруудаа илгээхийн мөрөөсөл болсон Улаанбаатарт тэдэнтэй адилхан зүйл сэтгэж, харж чадсан уран бүтээлч байгаа нь боломж бидэнд бий гэдгийг илтгэнэ.
Зураг авалтыг Multiverse студийн О.Амгалан хариуцсан ба моделиор Руна Хансон ажиллажээ. Руна Хансон бол BAFW-д Futuristic Type-ийн хувцсыг толилуулахад хамгийн тохирсон модель байсан учраас зураг авалтанд сонгогджээ. Харин бидэнд тэр найруулагч Петр Жаксоны Ханна /2011/ киноны гол дүрийн жүжигчин Саоирс Ронантай маш төстэй санагдлаа.
Дизайнерыг BAFW-д оролцож байх үед загварын шоуг зохион байгуулагчид "Futuristic Type-ийн хувцсыг шоунд оролцсон загвар өмсөгчдөөс илүү монгол моделиуд маш гоё амилуулсан байсныг бид интернэтээр үзсэн. Дараагийн удаа бид шинэ загваруудыг чинь энд, монгол модельтой харахыг маш их хүсч байна" гэж хэлжээ.
Дашрамд дурдахад эдгээр каталогины зургууд нь удахгүй Берлин болон Улаанбаатар хотод худалдаанд гарах Futuristic Type -ын хоёр дах цуглуулгад зориулагджээ. Та каталогины бусад зургуудыг Instagram хуудаснаас нь үзэх боломжтой.