Хайх

Италийн Vogue сэтгүүл ямар ч зураг авалтгүй дугаар гаргана

Италийн Vogue сэтгүүл ямар ч зураг авалтгүй дугаар гаргана

Байгаль орчинд ээлтэй байхын тулд

Text: Buro.Mongolia


Италийн Vogue сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаар ямар ч зураг авалтгүй хэвлэгдэн гарахаар болжээ. Тодруулбал тэд "sustainability" буюу байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжин энэ удаагийн дугаарт зориулж ямар ч зураг авалт зохион байгуулаагүй болохоо сэтгүүлийн ерөнхий редактор Эмануэль Фарнети онцолсон юм. "Сэтгүүлийн нэг дугаарыг бүтээхэд 150 гаруй хүн ажиллаж, 20 гаруй нислэг, хэдэн арван галт тэрэгний аялал хийдэг бол зураг авалтын гэрэлтүүлэг олон арван цаг тасралтгүй анивчдаг. Түүнчлэн 40 автомашин ажиллаж, 60 гаруй тээш хүлээн авч, тэр хэмжээгээр хуванцар хаягдал их гардаг. Бид зураг авалт хийхийн оронд иллюстратор, зураачид, график дизайнеруудтай хамтран иллюстраци зургаар дамжуулан загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг харуулах болно" хэмээн Эмануэль Фарнети шинэ дугаарын зурвастаа дурдсан байна.

Vogue Italia сэтгүүлийн түүхэнд анх удаа иллюстраци зураг нүүр хуудсанд заларч байгаа бөгөөд энэхүү онцгой дугаарыг бүтээхэд Дэвид Салле, Ванесса Бекрофт, Касси Намода, Мило Манара, Дельфин Десан, Паоло Вентура, Ёшитака Амано зэрэг алдартай уран бүтээлчид ажиллажээ. Харин зураг авалтад зориулах байсан зардлыг Кверини Стампальягийн нэрэмжит Венецийн Соёлын төвд хандивлахаар болсон байна. Эргэн сануулахад уг соёлын төв нь өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон аймшигт үерт өртөөд байсан юм.

Сэтгүүлийн шинэ дугаар нэгдүгээр сарын 7-оос эхлэн худалдаанд гарахаар болжээ.

цааш үзэх