Хүн бүр оролцох боломжтой тэмцээн: Жонатан Андерсон зурагчин хайж байна
“Та хаана ч байсан хамаагүй бидэн руу 6 зураг илгээ. Одоо цагийг илтгэх өөрийн авсан зургуудыг”
J.W. Anderson брэндийн үүсгэн байгуулагч ба бүтээлч захирал Жонатан Андерсон дэлхийн өнцөг бүрт амьдарч буй зурагчид дунд нэгэн тэмцээн зарлалаа. Энэхүү тэмцээний ялагч нь брэндийн шинэ сурталчилгааг хариуцан ажиллах юм. Тэмцээнд 18-30 насны бүх хүмүүс оролцох боломжтой.
Энэхүү тэмцээн нь нэг хоногийн өмнө брэндийн албан ёсны Instagram хуудсаар дамжуулан зарлагдсан бөгөөд «Таны зураг - бидний ирээдүй» уриан доор явагдаж байгаа юм.
Тэмцээнд оролцохыг хүссэн хүн бүр өөрийн дарсан зургаан зургийг илгээх шаардлагатай. Тэдгээр зургууд дээр байгаль, хүн, объект гээд юу ч хамаагүй дүрслэгдсэн байж болно. Хамгийн гол нь эдгээр зургууд нь урьд өмнө нь хаа нэгтээ нийтлэгдэж, ашиглагдаагүй байх учиртай. Жонатан Андерсоны тэргүүлсэн шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээний ялагчийг гуравдугаар сард тодруулах болно. Ялагч J.W. Anderson брэндтэй 5,000 фунтын гэрээ байгуулж, намар-өвөл 2018 цуглуулгын сурталчилгааг хариуцан ажиллах болно. Тэмцээний эцсийн шатанд тунаж үлдсэн оролцогчдын зургууд энэ оны тавдугаар сард Лондон хотод зохиогдох үзэсгэлэн дээр дэлгэгдэнэ.
Тэмцээнд бүртгүүлэн зургаа илгээхийг хүсвэл энд даран, брэндийн албан ёсны вебсайтаар зочлоорой.