Хайх

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель

Бүгд өөр

Text: Ж.Чинбат


Үзэгчдийн удаан хүлээсэн Mongolia's Next Top Model нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн дэлгэцээр гарч эхэллээ. Боловсрол телевиз, Бюро 24/7 хамтран зохион байгуулж буй тус нэвтрүүлэгт тэнцсэн оролцогчдын дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзээрэй

Загварын ертөнцөд шинэ дүр төрх гарган ирэх зорилготой "Mongolia's Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн анхны дугаар дөнгөж сая Боловсрол телевизээр үзэгч та бүхний хүртээл боллоо. CBS studios international компанийн албан ёсны эрхтэй зохион байгуулж байгаа тус тэмцээнд шалгарч үлдсэн 16 охидын танилцуулга болон хэвлэлд өгсөн хамгийн анхны ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.  

М.Анхбаяр

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 1)

 

Загварын туршлага: Унгар улсад "Prime look model" агентлагт загвар өмсөж байсан.

Ажил, сургууль: Технологийн сургуулийн III курс 

Өндөр, жин, биеийн харьцаа: 181 см, 56кг,  77/67/90

Нас:19

Яагаад энэ тэмцээнд оролцож байгаа вэ?

Миний хамгийн том зорилго бол модель болж, дэлхийд гарсан мэргэжлийн түвшинд хүрсэн загвар өмсөгч болох. Тийм учраас энэ тэмцээнд орсон.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Би өөрийн гэсэн тодорхой зорилго, мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө тууштай явна гэж бодож байгаа.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Vicoria's Secret-ийн Жизелийн дайчин, эрч хүчтэй байдал намайг урамшуулдаг.

Эхний зураг авалтын талаарх чиний сэтгэгдэл ямар байна вэ?

Ерөнхийдөө бодож байснаас хэцүү байлаа. Энгийн үед зураг авахуулахад зурагчин илүү тулж ажилладаг. Энд тэмцээний үеэр хэдэн зогсолт авч байх хооронд л зураг дараад дуусчихаж байгаа болохоор эхний гурван зураг нүдээ аньчихсан гарсан.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 2)

 

Б.Ану-Үжин

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 3)

 

Загварын туршлага: Байхгүй

Ажил, сургууль: "Ирээдүй-цогцолбор" II ахлах сургуульд сурдаг 

Өндөр, жин, биеийн харьцаа: 170 см, 45 кг, 74/59/85

Нас: 17

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Анх энэ тэмцээн зохиогдох гэж байна гэж сонсоод аягүй их баярлаж, өөрийнхөө чадварыг нэмэгдүүлье гэж бодсон. Өөрийгөө сорьж үзэх гэсэндээ биш бусдад бас танигдах гэсэн бодол бий. Яагаад гэвэл би загвар өмсөгч болох хүсэл, сонирхолтой учраас бас нэг төрлийн боломж гэж бодож байна.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Энд орж байгаа охид бүгдээрээ гоё биетэй, өндөр, хөөрхөн. Тэглээ гээд охид үүнийг зурган дээр илэрхийлж чадахгүй бол амьгүй гэсэн үг. Тэднээс миний илүү гарах давуу тал бол би жүжиглэх авьяастай. Бас бүжиглэдэг. Жүжиглэх авьяас маань зурган дээр дүр бүтээхэд, хувирахад, зогсолт авахад маш том давуу тал болдог. Мөн би мэтгэлцээнээр хичээллэж, илтгэл танилцуулдаг. Тиймээс загвар өмсөгч хүн аливаа зүйлийг сурталчилах хэрэг гарахад энэ чадвар маань тустай гэж боддог. 

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Одоо яах бол, тэмцээн дээр юу болох бол гээд их сандарч байсан. Энэ тэмцээнд авахуулсан зураг миний анхны зураг авалт болсон. Бас л сандарлаа. Анхных байсан ч шүүгчид намайг камертай харилцахдаа сайн байна гэж хэлсэн.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Тайра Бэнкс. Тэр эмэгтэй өөрөө маш их мэдлэгтэй модель. Бизнесийн чиглэлээр сургууль төгссөн, бас их дайчин хүн. Би түүнтэй харилцаж үзээгүй ч гэсэн гаргасан амжилтууд нь гайхамшигтай санагддаг.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 4)

 

Ю.Балжидмаа

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 5)


Загварын туршлага: Монгол модель агентлаг 3 жил 

Ажил, сургууль: Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Сэтгэл судлал III курс

Өндөр, жин, биеийн харьцаа: 182 см, 61кг, 85/67/95 

Нас: 19

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Дэлхийн хэмжээний ийм том шоу, контентууд өнгөрсөн жилээс эхлэн Монголд зохиогдож эхэлсэнд баяртай байна. Бид багаасаа л "America's Next Top Model" тэмцээнийг үзэж өссөн шүү дээ. Одоо харин Монголд зохион байгуулагдаж байгаа учраас орж үзэх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодсон. Зохион байгуулж байгаа газар нь сайн нэвтрүүлэг, контент хийдэг Боловсрол телевиз болохоор энэ тэмцээн маш үр дүнтэй болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь би дөнгөж 19 настай, залуу байна. Тиймээс цаашдын карьерт маань энэ тэмцээн бас чухал нөлөө үзүүлэх болов уу.

Чи мэргэжлийн модель. Тийм болохоор энд байгаа охидод илүү өрсөлдөөн нэмж байгаа байх. Ер нь өөрт чинь ялчих юм бол гэсэн бодол төрж байна уу?

Тэмцээнд хүн бүр л өөртөө итгэлтэй орж байгаа байх. Хамгийн гол нь тэмцээнд ялж, ялагдахаас илүү өөрийгөө ямар хүн бэ гэдгээ таньж, энэ чиглэлээр хаа хүртэл явах вэ, юу хийж чадах вэ гэдгээ сайн мэдэж авах байх. Түрүүлэх зорилго мэдээж надад байгаа. Гэвч өрсөлдөгч охид маш хүчтэй байгаа. Хүмүүс намайг туршлагатай гэж ярьж байгаа сурагтай. Гэхдээ би ердөө хоёр, гурван жил илүү загвар өмссөн болохоос бидний нас, бие хаа бүгд адилхан. Тийм болохоор миний өмнө нь хийж байсан карьер нэг их чухал биш байх. Яагаад гэвэл би дэлхийн хэмжээнд олон жил загвар өмссөн хүн биш. Бас загвартаа би тийм ч тууштай байгаагүй.

Зураг авалтууд эхэллээ. Сэтгэгдэл ямар байна вэ? Өмнөх туршлагаас чинь өөр зүйл юу байна вэ?

Ажил биш тэмцээн гэдэг утгаараа илүү их үүрэг хариуцлага ирж, сандралтай байлаа. Хүний дотор нэг тийм сонин сэтгэл зүй үүсчихдэг юм байна л даа. Хэрвээ энгийн үед, ажлаа хийгээд зургаа авахуулж байсан бол өөр байхсан. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Зураг авалтын хувьд бол сайн зурагчин, стилист ажиллаж байгаа болохоор ямар нэг зүйл дээр санаа зовсон зүйл байхгүй. Зураг гоё болсон байх.

"America's Next Top Model"-ыг өмнө нь үзээд өөрөө оролцогч болно гэж боддог байв уу?

Ер нь бол "Аsia's Next Top Model" нь надад илүү их таалагддаг. Яагаад гэвэл "America's Next Top Model" илүү энгийн хүмүүсийг оролцуулж, гэнэтийн өөрчлөлт их хийдэг бол "Asia's Next Top Model", "Korea's Next Top Model" тэмцээнд илүү мэргэжлийн хүмүүс оролцдог болохоор үзэхэд сонирхолтой байдаг.

Хүнд хэцүү даалгаваруудын талаар төсөөлж байна уу?

Ёстой төсөөлөөгүй юм байна. Өндөрт ч юм уу, хүйтэнд айдас хүргэсэн орчинд хийх даалгавар ирэх байх гэж бодож байсан. Амьтантай зураг авбал би их айх байх. Тэгэхдээ ямар ч хүнд хэцүү зүйл гарсан даваад гарах л байх даа.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Хятадын моделиудад их дуртай. Европт гарч ирж байгаа Ази моделиуд дандаа хятад охид байдаг. Тиймээс би тэдний зургийг байнга үздэг. Тэд загварын алхаа талдаа жаахан сул байж болох ч гэрэл зурагт маш сайн хувирдаг. 

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 6)

 

М.Биндэрьяа

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 7)


Загварын туршлага: Байхгүй

Ажил, сургууль: ШУТИС, Архитектур, I курс

Өндөр, жин, биеийн харьцаа: 180 см, 55 кг,  87/60/90

Нас: 17

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Хүн болгон өөрийн гэсэн нэгэн бүхэл ертөнц шүү дээ. Тэр ертөнцийг амьдруулдаг гол зүйл бол хүсэл мөрөөдөл. Би багаасаа загвар өмсөгч болохыг хүссэн ч гэрийнхэн маань хичээл, сурлагадаа илүү анхаарал тавих хэрэгтэй гэж шахдаг байлаа.  Энэ удаад би өөрийн хүслээ дагаад тэмцээнд орж байна. Өмнө нь загварын ямар нэг туршлага байгаагүй болохоор сая гарч алхсан тайз миний анхны гараа боллоо. 

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Гоё байдаг юм байна. "America's Next Top Model"-ыг үзэхэд ямар байсан яг тийм мэдрэмж төрж байна. Тэгэхдээ монгол охид маань илүү даруухан гэдгийг мэдэрлээ. Америк охид илүү "галзуу", чөлөөтэй гэж бодогдож байна. 

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Өөрөөрөө байх юм даа. Чөлөөтэй, өөрийнхөө бодож санаж байгааг хийгээд би зорилгодоо хүрнэ. Ялагч болно гэж бодож байгаа.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Д.Пүрэвсүрэн өөрөөрөө, байгаа нь их гоё. Кинонд тоглосон дүрүүд нь таалагддаг. Хэрвээ би модель болвол аймшгийн кинонд гол дүр бүтээхийг хүсдэг.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 8)

 

Д.Бүжинлхам

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 9)


Загварын туршлага: 2016 оны хавар Монгол модель агентлагийг төгссөн

Ажил, сургууль: МУИС, Сэргээгдэх эрчим хүчний инженер, IV курс

Өндөр, жин, биеийн харьцаа: 176 см, 54 кг, 80/61/91 

Нас: 21 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Би өнгөрсөн хавар Монгол модель агентлагийг төгссөн бөгөөд одоогоор моделиор ажиллаж эхлээгүй байгаа болохоор хурдан танигдаж, хүн бүрийн мэддэг модель болохыг хүссэн.

Чи өөрийгөө тайзны модель, фото моделийн аль чиглэлд илүү тохиромжтой гэж боддог вэ?

Тайз гэж бодож байна. Одоогоор зураг авахуулсан туршлага надад бага байгаа. 

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Мэдээж өөрийнхөө дүр төрхийг бусдаас онцгой гэж боддог. Ер нь бол зааж, сургасан зүйлийг өөртөө хурдан тусгаж авч сурдаг. Тиймээс дугаар бүрт өөрчлөгдөж, өөрийгөө шинээр харуулж чадна гэж бодож байна. Ер нь би өөрийгөө дайчлах тал дээр сул байсан. Одоо үүнийгээ өөрчлөхөөр маш их хичээж байгаа.

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Эхний гурван зургийг харахад дутагдалтай зүйл байсан ч цаашдаа алдаагаа засаад зургандаа илүү сайн гарч чадсан.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Victoria's Secret-ийн Кэндис Свейнпол, Монголоос Т.Оюун-Эрдэнэ

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 10)

 

М.Дашбалжид

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 11)


Загварын туршлага: Gloria агентлагт хагас жилийн өмнөөс суралцаж эхэлсэн

Ажил, сургууль: ХААНС мэдээллийн системийн инженер

Өндөр, жин, биеийн харьцаа: 178 см, 51 кг, 83/67/91 

Нас: 19 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Энэ бол миний мөрөөдөлдөө хүрэхэээр хийж байгаа нэг алхам. Бага байхдаа л загвар өмсөгч болохыг хүсч, толины өмнө алхаад, өөрийгөө мэргэжлийн модель болчихлоо гэж төсөөлдөг байлаа. 

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Нэгт би их нээлттэй хүн. Хоёрт бусад охидыг бодвол өөрийгөө илүү сэтгэлийн хаттай гэж бодож байна. Харин хамгийн гол онцлог маань миний бие.

Чи өөрийгөө хэдэн шат давна гэж бодож байна вэ?

Сүүлийн гуравт үлдчих байх аа.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Жижи Хадидыг шүтэн биширдэг. Жирийн нэг айлын охин дэлхийн түвшний моделиудтай эн зэрэгцэн яваагаар нь бахархдаг.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 12)

 

Г.Ижилцэцэг

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 13)


Загварын туршлага: Байхгүй

Ажил, сургууль: Бээжингийн Боловсролын Их Сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Өндөр, жин, биеийн харьцаа: 172 см, 52 кг, 81/61/88 

Нас: 21 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Би ихэртэйгээ хамт энэ тэмцээнд орж байгаа. Аав маань бид хоёрыг загвар өмсөгч болоосой гэж тухайн үеийн Ижилцэцэг, Ихэрцэцэг гэдэг моделиудын нэрийг бид хоёрт өгсөн юм. Гэвч багаасаа Хятадад сурахаар явсан болохоор загварын агентлагт сурах  боломж байгаагүй. Сургуулиа төгсөж ирсний дараа яг энэ боломж таарсан. Энэ шоуг багаасаа үздэг байсан. Монголд зохиогдож байгаад нь их баярлаж байгаа.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Бусад охидын хувьд ихэнх нь загвар өмсөж байсан туршлагатай. Би туршлагагүй ч гэсэн өөрийгөө ердөөсөө голохгүй байгаа. Ямар ч орчин нөхцөлд дасан зохицож, бусадтай сайхан харилцаж, аливаа юмыг хурдан сурдаг. Ер нь бол шилдэг нь болж чадна.

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Өмнө нь шоуны зураг авалт, тайзны алхааны талаар төсөөлж байсан бүх зүйлс энд их өөр байлаа. Эхлээд хэцүү юм байхгүй, бүгдийг даваад гарна гэж бодож байсан ч яг тэмцээн эхлэхэд их сандарлаа. Үүнээсээ болж эхний зурагт өөрийгөө сайн илэрхийлж чадаагүй байж магадгүй. Тэгэхдээ нэг сандарчихсан юм чинь цаашдаа алзахгүй гэж бодож байна.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?
Victoria's Secret-ийн Миранда Керр
Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 14)

 

Г.Ихэрцэцэг

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 15)

 

Загварын туршлага: Байхгүй

Ажил, сургууль: Тэнгэр тревел компанид хятад хэлний хөтөч, орчуулагч.

Өндөр, жин, биеийн харьцаа: 171 см, 52 кг, 81/59/87 

Нас: 21 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Анх "Mongolia's Next Top Model" тэмцээн болох гэж байгааг Бюро 24/7-с харсан. Ер нь Бюро 24/7-с хамгийн сүүлд гарч байгаа загвар, урлаг соёлын мэдээллийг авдаг. Энэ тэмцээнд орох болсон шалтгаан маань гэвэл загвар өмсөгч хүн ямар байх ёстой вэ тэр бүхнийг мэдэрч, өөрийгөө сорьж үзэх боломжтой гэдэг нь маш их таалагдсан. "America's Next Top Model" тэмцээнд Тайра илүү энгийн, монголоор бол хөдөөний охидыг оролцуулж өөрчилдөг нь надад их гоё санагддаг байлаа. Магадгүй энэ тэмцээн надад ч их өөрчлөлт өгөх болов уу.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Надаас л бүх зүйл шалтгаалах байх. Нэгэнт орсон юм чинь түрүүлнэ гэж өөрийгөө зоригжуулаад явна.

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Анх их сандарч байсан. Яг тулаад ирэхээр төсөөлж байснаас гайгүй л юм байна.
Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Victoria's Secret-д Азиас хамгийн эхэнд орсон Лю Вэнийг дэмждэг.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 16)

 

Б.Жагзмаа

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 17)


Загварын туршлага: Андра академид загвар өмсөгчөөр суралцаад нэг жил болсон.

Ажил, сургууль: Нийслэлийн арван жилийн 1-р сургууль

Өндөр, жин, биеийн харьцаа: 175 см, 54 кг, 83/63/99 

Нас: 16 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Өмнө нь би "America's next top model" тэмцээнийг үзээд өөрөө орохыг их хүсдэг байлаа. Тэгтэл Монголд энэ тэмцээн зохиогдоно, бүртгэл нь явагдаж байна гэдгийг сонсоод их баярлаж, өөрийнхөө мөрөөдөлд хүрэхийн төлөө бүртгүүлсэн. 

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Бусдаас ялгарах онцлог маань миний мөр гэж би боддог. Бас би түгээмэл биш царайтай.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

"America's Next Top Model"-ын топ моделийн Кэндис таалагддаг. Түүний бүх зүйл их өвөрмөц.

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Эхний зураг авалтын үеэр их сандралтай байсан. Туршлага муутай болохоор. Зураг авалтад хүссэн хэмжээнд гарч чадаагүй.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 18)

 

Ш.Мандхай

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 19)


Загварын туршлага: Байхгүй.

Ажил, сургууль: Орон сууц, нийтийн аж ахуйн газар оператороор ажилладаг. 

Өндөр, жин, биеийн харьцаа: 173 см, 52 кг, 78/61/86 

Нас: 20 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Би өөрийгөө нээж, илүү өөртөө итгэлтэй болохыг хүссэн л дээ. Энэ тэмцээнд орох хамгийн эхний шалтгаан бол миний ажил байсан. Миний ажилладаг ОСНАА конторт орж ирээд сайхан аашилдаг хүн ер нь байдаггүй л дээ. Нэг өдөр би нэг хүнд маш их загнуулчихаад, "Би ер нь насаараа ийм ажил хийж, хүнд загнуулах юм уу? Хүний ард нуугдахаас өөр би юу хийж чаддаг юм бэ" гэж бодсон юм. Тэр үед шоуны бүртгэл эхэллээ гэсэн мэдээг олж харсан.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Миний давуу тал гэвэл юмыг хурдан сурдаг. Ямар ч юмыг хараад өөрийнхөөрөө өөрчилж чаддаг.

Өмнө нь America's Next Top Model тэмцээнийг үзээд өөрөө оролцогч болно гэж боддог байв уу?

"Korea's next top model", "America's next top model"-ийг үзээд гоё санагдаж, яагаад өөрөө орж болохгүй гэж бодож байсан.

Тэмцээнд чи хэр амжилттай оролцоно гэж бодож байна вэ?

Яг одоогийн байдлаар энэ хүртэл явсан нь надад аягүй том амжилт болчихоод байна. Хэдий хүртэл явахыг миний чадвар л мэдэх байх.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Victoria's Secret-ийн моделиуд болон Адриана Лима, Миранда Керр

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 20)

 

Э.Оюунбилэг

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 21)


Загварын туршлага: Монгол модель агентлаг дөрвөн жил

Ажил, сургууль: Монгол модель агентлаг

Өндөр, жин, биеийн харьцаа: 182 см, 55 кг, 85/60/96 

Нас: 21 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Мэдээж модель хүн бүрийн мөрөөдөл "America's next top model"-д орж, түрүүлэх байдаг. Энэ жил Монголд зохион байгуулагдаж байхад нь би хэрвээ орохгүй бол алдас болно гэж бодсон. Зурагтаар байнга үздэг, орох юмсан гэж боддог шоу шүү дээ. Одоо тэр хүсэл маань биелэлээ олж байгаад баяртай байна.

"America's Next Top Model"-ийг үзээд өөрөө оролцогч болж байна гэж бодож байв уу?

Зураг авалтуудыг нь хараад оролцогчдын өмнөөс нь ингэчихгүй яав аа гэж боддог байсан. Тэр бүх үзсэн зүйлийн маань хэрэг одоо гарна гэж бодож байна.

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Маш өндөр байгаа. Миний бодож байсан шиг дээд зэргийн зохион байгуулалттай болж байна. Нүүр будалт, үс засалт, зураг авалт гээд бүгд таалагдсан.

Чиний өмнөх загварын туршлагаас хамгийн чухал, хамгийн сайн нь ямар ажил байсан бэ?

Ерөнхийдөө загварын карьераа эхлээд дөрвөн жил гаруй болж байгаа. Нью-Йоркийн загварын долоо хоног бол миний хамгийн том тайз байсан.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Victoria's Secret-ийн Кэндис Свейнпол болон Ноами Кемпбел

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 22)

 

Т.Сарангэрэл

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 23)


Загварын туршлага: Монгол модель агентлагт 2012 онд суралцсан

Ажил, сургууль: Эм Си Ди Эс Эф үйл ажиллагаа хариуцсан менежер 

Өндөр, жин, биеийн харьцаа: 183 см, 65 кг, 85/68/96 

Нас: 22 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Би өмнө нь загвар өмсөгчөөр суралцаж байсан ч сургуулиа төгсөх гээд хэсэг хугацаанд завсарласан юм. Одоо харин цаашдаа моделиор ажиллъя, өөрийгөө чадваруулья гэж бодож байгаа учраас энэхүү тэмцээнд оролцож байна. 

Чамд тайзны модель, фото моделийн аль нь илүү тохирно гэж боддог вэ?

Надад тайзны модель илүү зохино. Учир нь тэд нэлээн өндөр биетэй байдаг. Надад тэр бие хаа болон бусад чадвар бүгд байгаа. 

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Мэдээж хэрэг өндөр нуруутайн дээр би арай илүү европ стандарт биетэй. Мөн царай зүсээрээ би бусдаас огт өөр. Дээр нь би шүүмжийг хурдан хүлээн авч, өөр дээрээ тусгаж чадсанаар амжилтанд хүрнэ гэж бодож байна. 
Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Нэлээн сандралтай байсан. Одоо л арай тайвширч байна.

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Лю Вэнийг харж, үлгэр дуурайл авдаг. Тэр хүн өөрөө амьдрал дээр энгийн мөртлөө тайзан дээр гараад төгс хувирч чаддаг.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 24)

 

Б.Цэрэндолгор

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 25)


Загварын туршлага: Загвар өмсөгчөөр нэг жил ажиллаж байна.

Ажил, сургууль: Ач АУИС-ийн оюутан

Өндөр, жин, биеийн харьцаа: 179 см, 55 кг, 81/61/91 

Нас: 20 

Яагаад энэ тэмцээнд орж байгаа вэ?

Энэ тэмцээн бол яалт ч үгүй дэлхийн хэмжээний нэр хүндтэй том тэмцээн. Энд байгаа охид гэлтгүй бүх л эмэгтэйчүүд энэ шоуг үздэг, оролцохыг мөрөөддөг шүү дээ. Монголд зохиогдож байгаа учраас би ч мөн мөрөөдлөө биелүүлэхээр тэмцээнд ороод байна. Хоёрдугаарт Монголд хувцас загварын ертөнц хөгжиж байгаа. Тийм ч учраас моделиуд чанаржиж байгаа.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Бүх охид өөрийгөө гоё төрхтэй гэж бодож байгаа байх. Үнэхээр ч бүгдээрээ л тийм байна. Тэднээс би ч гэсэн өөрийгөө өвөрмөц гэж бодохоос гадна илүү мэдрэмжтэй гэж боддог. Загвар өмсөгч хүнд хувирах чадвар хамгийн чухал. Тэгвэл хэрхэн хувирах нь үргэлж мэдрэмжээс шалтгаална. Мөн би загвар өмсөж эхлээд нэг жил болсон бөгөөд Ариунаа Сүри маркийн нүүр царай болж байсан. 

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Бага байхаасаа эхлээд Солонгосын модель Сү Жүг хардаг байсан. 

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Яг үнэндээ Монголд энэ шоу болохгүй байх гэж л боддог байлаа. Тийм болохоор гадаадад очоод ч болов өөрөө энэ тэмцээнд оролцоно гэж хүсдэг байсан юм. Одоо харин манай улсад зохион байгуулагдаж байгаад нь маш баяртай, сэтгэгдэл өндөр байна. Эхлээд жаахан сандарч байсан ч одоо арай тайвширсан. Ер нь хүлээж байсан зүйлийнхээ дунд нь би өөрөө байна гэхээр догдлоод л, аягүй гоё байгаа. 
Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 26)

 

Б.Түмэнжаргал

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 27)


Загварын туршлага: Дөрвөн жилийн өмнө эхэлсэн

Ажил, сургууль: АУИС, хүний их эмчээр суралцдаг

Өндөр, жин, биеийн харьцаа: 171 см, 52 кг, 81/59/87 

Нас: 21 

Яагаад энэ тэмцээнд оролцсон бэ?

Дэлхийн хэмжээний энэ шоунд оролцож ялагч болох, өөрийнхөө чадварыг үзэх зорилготой. Монголын болоод дэлхийн дизайнеруудтай хамтарч ажиллах, нүүр царай болох, монгол охин хэр мундаг байдаг вэ гэдгийг харуулах нь миний мөрөөдөл. Дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагаараа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулна.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Тайзны модельд би өндрөөрөө арай дутаад байдаг. Хэдий тийм ч гэсэн би томоохон шоунд орж байсан туршлагатай. Миний давуу тал бол өөрийн дүр төрх.  Тийм ч учраас би фото модель чиглэлд илүү тохиромжтой гэж өөрийгөө боддог. Энэ тэмцээний хамгийн гол шалгуур мөн гэрэл зураг болохоор надад боломж байгаа. Миний давуу тал маш сайн хувирдаг, тухайн дизайнеруудын хүсч байгаа зүйлийг гаргах чадвартай. 

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Өнөөдөр зураг авалт болон загварын шоу боллоо. Анхны зураг байсан болохоор зурган дээр хүссэн хэмжээгээрээ гарч чадаагүй. Тэгсэн ч гэсэн бусад оролцогчдыг бодвол зурганд сайн гарсан гэж бодож байна. 
Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Тайра Бэнкс. "America's Next Top Model" нэвтрүүлгийг бага наснаасаа эхлэн шимтэн үзэж эхэлсэн. Өөрийгөө энэ нэвтрүүлэгт би яг тохирох юм байна гээд багаасаа өөрийгөө оролцогчийн түвшинд төсөөлж боддог байсан. Хэрвээ Тайра Монголд ирвэл намайг сонгоно гээд бүр жаахан байхаасаа л боддог байсан. Монголд энэ тэмцээн зохиогдохгүй байсан ч би өөр газар очоод Тайрагийн шоунд заавал оролцоно гэж мөрөөддөг байлаа.

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 28)

 

Б.Бат-Оюун

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 29)


Загварын туршлага: Байхгүй

Ажил, сургууль: Сити их сургуульд суралцдаг

Өндөр, жин, биеийн харьцаа: 177 см, 53 кг, 90/63/92 

Нас: 22 

Яагаад энэ тэмцээнд оролцсон бэ?

Багаасаа загвар өмсөгч болохыг хүсдэг байсан ч урд өмнө нь загварын агентлагт явж байгаагүй. Мэдээж энэ шоу залууст боломж олгосон маш том төсөл учраас би оролцохоор шийдсэн.

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Илүү дайчин, юмыг хурдан суралцдаг, алдаагаа дор нь засч чаддаг. 

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Маш өндөр. Би өмнөхөөсөө бараг мянган хувь өөрчлөгдөж байна. Өмнө нь "America's Next Top Model" тэмцээнийг үздэг байхдаа би өөрийгөө тэдгээр охидын оронд тавьж үздэг байлаа. Тэр үед харж байсан зүйл амьдрал дээр огт өөр юм байна гэдгийг мэдэрсэн. Өөрчлөлтөнд орох нь хэцүү, шүүгчдийн өмнө зогсож байхад уйлмаар ч юм шиг хэцүү санагдаж байгаа гээд олон төсөөлөөгүй зүйлс тохиолдож байна. 

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Victorias Secret-ийн моделиуд. Жижи Хадид, Кэндис Свейнпол

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 30)

 

Т.Номин-Эрдэнэ

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 31)


Загварын туршлага: Шилмэл загвар ордонд 2011 оноос загвар өмсөгчөөр суралцсан

Ажил, сургууль: ОУУБИС-д Санхүүч, III курс

Өндөр, жин, биеийн харьцаа: 175 см, 56 кг, 85/60/88 

Нас: 19

Яагаад энэ тэмцээнд оролцсон бэ?

Анх би 2011 онд Шилмэл загвар ордонд загвар өмсөгчөөр суралцаж, тэр жилдээ "New Model" тэмцээнд түрүүлж, дараа нь Хятадад "Asian super model" тэмцээнд оролцож байсан. Гэвч тэр үед би жаахан байсан бөгөөд гадаадад сурахаар яваад моделиор ажиллаж чадаагүй. Яг одоо бол өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэж, сорихоор энэ тэмцээнд ороод байна.   

Тэмцээнд оролцож байгаа охидоос чиний ялгарах гол онцлог юу вэ?

Би ямар ч дүрд маш сайн хувирч чадна. Миний өөртөө итгэлтэй байдал маань намайг амжилтанд хүргэнэ гэж боддог.

Тэмцээн эхэлсний дараах сэтгэгдэл ямар байна вэ?

Тэмцээн яг л зурагтаар үзэж байсан шиг, Америкт энэ бүх үйл явдал өрнөж байгаа юм шиг бүх талаараа гоё, сайн зохион байгуулалттай болж байна. Оролцож байгаа охид маань ч гэсэн бүгдээрээ аягүй мундаг, өөр, өөрийн гэсэн давуу талтай болохоор өрсөлдөөн дунд гоё байна. 

Чиний шүтээн болсон загвар өмсөгч хэн бэ?

Жижи Хадид

Хэнийг дэмжих вэ: Mongolia's Next Top Model тэмцээнд оролцож буй 16 модель (фото 32)

Mongolia's Next Top Model тэмцээний эхний дугаарын фото зураг авалт Шангри-Ла Малл дахь "Багачуудын музей"-д авагдсан бөгөөд гэрэл зургийг Multiverse студийн гэрэл зурагчин О.Амгалан, стилитс дизайнер И.Мөннхтуяа нар авч гүйцэтгэлээ.

цааш үзэх