Хайх

#BuroCrush: Азийн супер модель Лю Вэнь

#BuroCrush: Азийн супер модель Лю Вэнь

Bona fide

Text: Г.Тэмүүлэн


Хятад гаралтай, топ модель, Лю Вэнийг загварын салбарын гоц үзэгдэл гэж нэрлэдэг. Хэд хоногийн өмнө Giorgio Armani New Normal аянд нэгдэж, Питер Линдбергийн дуранд өөрийн энгийн хэрнээ үзэсгэлэнт төрхөө үлдээсэн түүнийг бид энэ удаагийн #BuroCrush буландаа онцлон танилцуулж байна

Giorgio Armani-гийн New Normal цуглуулга нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг эгэл даруухан боловч өөрийн гэсэн онцлогтой, яг байгаагаар нь харуулахыг хичээдэг. Питер Линдберг ч энэ тал дээр мэргэшсэн гэж хэлж болно. Тэгвэл энэ сурталчилгаанд Лю Вэниэс илүү тохирох загвар өмсөгч байхгүй л болов уу. Түүний энгийн ялдам төрх Питер Линдбергийн авсан хар цагаан өнгийн зурганд улам бүр тодорч, онцгойрч харагдаж байлаа.

Тансаг зэрэглэлийн бараг бүхий л брэндүүдийн нүүр царай болж, Хятад төдийгүй Азийн хамгийн эрэлттэй загвар өмсөгч болсон Лю Вэний амьдрал анх огт өөр дүр зурагтай байсан юм. Лю Вэнь 1988 онд Хятадын Хунань мужийн Юнчжоу хотод энгийн ажилчны гэр бүлд төрж, өсчээ. Тухайн үед Лю Вэнь Парис, Миланы загварын тайзнаа алхана гэж төсөөлөө ч үгүй байсан биз. Тэгэхдээ түүний мөрөөдөлд дэлхийгээр аялах том хүсэл дүүрэн байжээ. Тиймээс л их сургуульд  аялал жуулчлалын чиглэлээр суралцана гэж төлөвлөсөн байлаа. Харин 2005 онд түүний амьдралд том өөрчлөлт авчрах нэгэн онцгой үйл явдал болсон нь "New Silk Road World Model Contest" хэмээх загвар өмсөгчдийн тэмцээн байсан юм. Тухайн үед Лю Вэнь компьютертэй болохыг мөрөөдөж, тус тэмцээнд оролцсон гэдэг. Учир нь хэрэв тэмцээнд түрүүлбэл шагналын мөнгө нь компьютер авахад нь хангалттай хүрэлцэх байсан юм.

#BuroCrush: Азийн супер модель Лю Вэнь (фото 1)

Хэдийгээр тэр тэмцээнд түрүүлж чадаагүй ч загварын салбарынхны анхааралд өртөж чадсан байна. Үүний дараагаар тэр загвар өмсөгч болохоор төрөлх хотоо орхиж, Бээжин хот руу нүүжээ.

Загвар өмсөгчийн карьерынхаа эхэн үед тэр олон төрлийн зураг авалт, сонгон шалгаруулалтанд оролцдог байсан бөгөөд Хятадын Vogue ба Harper's Bazaar сэтгүүлүүдийн нүүрэнд гарчээ. Харин 2007 онд Хятадын Cosmopolitan сэтгүүлд Карл Лагерфельд болон Viktor and Rolf нарын урласан хувцасыг өмсөж гарснаар олон улсын загварын төлөлөгчдийн анхаарлыг татаж чадсан байдаг. Улмаар 2008 онд Лю Вэньтэй Marylin загварын агентлаг түүнтэй гэрээ хийж түүний жинхэнэ карьер эхэлсэн байна.

Үүний дараагаар тэр Парисын загварын долоо хоногт оролцож, Chanel, Hermes, Jean Paul Gaultier зэрэг олон брэндүүдийн загварын шоунд алхах болсон ба тухайн үедээ Лю Вэнь нэг улиралд л гэхэд 70-аас илүү загварын шоунд оролцож байлаа. Түүний сэтгэл татам инээмсэглэлтэй төрх нь Dolce & Gabbana, Calvin Klein, H&M, Hugo Boss, The Gap зэрэг маш олон брэндийн сурталчилгаанд үлдэж, олон зуун сая Ази охидын хувьд итгэл найдвар төрүүлдэг гол хүний нэг болжээ. 

#BuroCrush: Азийн супер модель Лю Вэнь (фото 2)

Тэр нэг улиралд хамгийн их загварын шоу ба сурталчилгаанд оролцсон Ази загвар өмсөгчөөр тодорсон. Түүний карьерын бас нэгэн чухал хуудас бол Victoria's Secret Fashion Show-д оролцсон хамгийн анхны Ази гаралтай загвар өмсөгч болж, Estee Lauder брэндийн хамгийн анхны Ази нүүр царайгаар тодорсон юм. Лю Вэнь Forbes сэтгүүлийн жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтанд 2013 онд тавдугаар байранд бичигдэж, энэхүү жагсаалтанд эхний тавд орсон анхны Ази загвар өмсөгч болсон билээ.

Загварын тайзнаас гадна түүний өдөр тутмын street style хувцаслалт ч хүмүүсийн анхаарлыг их татдаг юм. Тэр маш энгийн, идэвхи чармайлт гаргалгүйгээр загварлаг харагдаж чаддаг. Энэ талаар тэрээр "Би үргэлж бага зэрэг эршүүд хувцаслаж ирсэн. Гэхдээ нас ахих тусам надад эмэгтэйлэг хэв маяг таалагддаг болж байгаа. Би гэртээ байхдаа зүгээр л гоё унтлагын хувцаснууд өмсөх дуртай. Бас ажилгүй үедээ нүүрээ буддаггүй. Загвар өмсөх үед би маш их аялдаг учраас гэртээ байхдаа кино үзэж, амрах дуртай" гэж Marie Claire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр ярьжээ. Лю Вэнь мөн өөртөө итгэлтэй, хүссэнээрээ байх нь хамгийн чухал гэж итгэдэг. The New York Times сонин түүнийг Хятадын анхны "bona fide" буюу жинхэнэ супер модель гэж нэрлэж байсан нь ч учиртай биз ээ. Тэгэхээр түүн шиг өөрийнхөөрөө байж, маш их хөдөлмөрлөж чадвал тэрбум хүнтэй Хятад орноос цойлон гараад дэлхийн загварын тайзан дээр амжилт олж, өөрөөсөө өөр олон мянган хүнийг урамшуулж чадах нь ээ.

#BuroCrush: Азийн супер модель Лю Вэнь (фото 3)#BuroCrush: Азийн супер модель Лю Вэнь (фото 4)

цааш үзэх