Ким Кардашьян Skims галбиржуулагч хувцасны цуглуулгаа худалдаанд гаргалаа
Skims.com вебсайт дээр худалдаалагдаж байна
Олны дунд өндөр хүлээлт үүсгээд байсан Ким Кардашьяны Skims галбиржуулагч хувцасны цуглуулгын нээлт хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө. Кимийн бүтээсэн галбиржуулагч хувцсыг маш олон хүн авах хүсэлтэй байсан тул брэндийн вебсайт гацахад хүрч, цуглуулгын нээлтийн анхны товлосон цагийг хойшлуулах шаардлагатай болсон билээ.
Ким брэндээ анх Кимоно хэмээн нэрлэсэн байсан ч уг нэртэй холбоотой их хэмжээний маргаан үүссэн тул Skims гэх нэрээр өөрчилсөн юм. "Би маш удаан хүлээсний эцэст өөрийн Skims брэндийг бодит болгон хэрэгжүүлж чадсандаа маш их баяртай байна" хэмээн Ким сэтгэгдлээсээ хуваалцаж яагаад галбиржуулагч хувцас бүтээхээр шийдсэнээ тайлбарлажээ. "Би өөрийн биеийн хэлбэр, галбирыг улам тодотгох хүслээр зах зээлд байгаа бараг бүх брэндийг туршиж үзсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам миний стиль өөрчлөгдөн хувьсаж өөрт тохирсон галбиржуулагч загварыг олоход улам л бэрх болсон. Улмаар би олон төрлийн бүтээгдэхүүнийг гэртээ өөрөө хооронд нь холбож, хайчилж өөрт тохирох дизайн гаргадаг болсон. Төгс галбиржуулагч хувцас хайж байгаа хүн нь ганцхан би биш гэдэгт итгэлтэй байна. Иймээс л би хүн бүрийн биеийн галбирт таарах, төрөл бүрийн нөхцөл байдалд тохиромжтой галбиржуулагч загварыг бүтээхээр шийдсэн юм".
Skims брэндийн галбиржуулагч загварууд биеийн галбирыг илүү нарийхан, өөгүй, чанга харагдуулах зорилготой нимгэн, зөөлөн материалаар хийгдсэн бөгөөд салангид болон нэг бүхэл зэрэг олон төрлийн эсгүүртэй гарсан байгаа. Сонголтын хувьд XXS-ээс эхлээд 5X хүртэлх размерууд, нийт 28 төрлийн хөхний даруулгын аяганы хэмжээ, 9 өнгийн хувилбар бий.
Цуглуулгыг Skims брэндийн вебсайт дээрээс худалдаж авах боломжтой.