Louis Vuitton, Такаши Мураками нарын хамтын ажил дуусав
13 жил хамт ажилласны дараа
Louis Vuitton-д 16 жилийн турш ажилласан Марк Жейкобс нь орчин үеийн урлагт дурладаг нэгэн байв. Өөрийн анхны цуглуулгаа тэрбээр 1997 онд гаргасан ба 2001 онд урлагийг загварт нэгтгэх туршилт хийхээр шийдэж зураач Стивен Спраузыг урьсан билээ. Зураачийн неон өнгийн бичээсүүдийг тэрбээр цуглуулгадаа сийлбэр болгон гаргасан. Харин дараа нь 2002 онд японы зураач Такаши Муракамиг урьж, тэр үед зураачтай хамтран бүтээсэн Multicolor Monogram-тай цүнхнүүд загварын ертөнцөд маш их эрэлттэй байсан юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь брэндийн түүхэнд хамгийн удаан хугацаанд өрнөсөн ажил болсон юм. Мураками Louis Vuitton-ийн сурталчилгааны ажлыг зурж, дэлгүүрүүдийг нь чимэглэж, 13 жилийн турш Multicolor Monogram цуглуулгаа гаргасан билээ. Multicolor Monogram-тай алдарт Speedy цүнх, өнгөлөн далдлалт хээтэй ба сарнай цэцэгтэй цуглуулгууд хэрэглэгчдийн хайрыг ихээр татахын сацуу борлуулалт сайтай байлаа. Анна Курникова ба Парис Хилтон нар хайртай цүнхтэйгээ папараццид олон ч удаа өртөж, Жесика Симпсон "Залуу хос" реалити шоундаа Такасигийн Louis Vuitton цүнхнээсээ хэзээ ч хагацахгүй хэмээн мэдэгдсэн удаатай. Улмаар 2003-2004 онуудад энэхүү цүнх хамгийн эрэлттэй цүнх байсан ч энэ бүх амжилт 2000-аад онуудад л үлджээ. Тиймээс саяхан Louis Vuitton энэ цуглуулгыг цаашид гаргахгүй болсноо мэдэгдлээ.