Хайх

LVMH Prize төслийн гуравдугаар улирал нээлтээ хийлээ

LVMH Prize төслийн гуравдугаар улирал нээлтээ хийлээ

Бэлтгэл ажил эхэллээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Залуу дизайнеруудад зориулсан LVMH Prize тэмцээний гуравдугаар улирал албан ёсоор нээлтээ хийлээ. Дэлхийн хэмжээнд нэр хүндтэй энэ тэмцээнд Монголын чадварлаг дизайнерууд маань мөн оролцох боломжтой тул скиз зургуудаа бэлдэж эхлээрэй! Энэ жилийн сонгон шалгаруулалтын хорооны бүрэлдэхүүнд Buro 24/7-гийн үүсгэн байгуулагч Мирослава Дума орсон гэдгийг дуулгахад таатай байна.

LVMH Prize тэмцээн бий болоод хоёр жил өнгөрч, төслийн хоёр улирал хэрэгжсэн байна. Энэ хугацаанд Раф Симонс, Карл Лагерфельд гэх зэрэг LVMH конгломератын мэдэл доорх брэндүүдийн бүтээлч захирлууд 55 гаруй оролцогчидтой танилцаад амжжээ. Харин энэ хугацаанд таван чадварлаг дизайнер шалгарч, шагнал хүртсэн байгаа. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Раф Симонс багтаагүй ч гэлээ тэмцээн урьд өмнөх шиг ээ том хүрээтэй, нэр хүндтэй хэвээр байна. Бие даасан жижиг маркаа хөгжүүлэхийг зорьж буй залуу дизайнеруудын хувьд энэ нь асар том боломж юм.

LVMH Prize төслийн гуравдугаар улирал нээлтээ хийлээ (фото 1)

LVMH Prize тэмцээний гуравдугаар улиралд оролцохыг хүсэж буй уран бүтээлчдийн өргөдлийг гурван хоногийн өмнөөс хүлээн авч эхэлсэн байна. Уг тэмцээн олон улсын хэмжээнд явагддаг төсөл тул манай Монголын дизайнеруудад ч мөн адил нээлттэй гэсэн үг. Гэхдээ хэдэн нөхцөл бий. Нэгдүгээрт тэмцээнд оролцохоор өргөдөл гаргагч нь 40-өөс доош насны байх ёстой. Хоёрдугаарт дор хаяж хоёр ready-to-wear цуглуулга гаргаж, түүнийгээ борлуулсан байх шаардлагатай. Энэ цуглуулга нь эрэгтэй аль эсвэл эмэгтэй аль нь ч байж болно. Хэрвээ эдгээр хоёр шалгуурт та тэнцэж байвал өргөдлөө LVMH Prize-ийн албан ёсны вебсайт дээр үлдээгээрэй. Бүртгэлийн сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 7-ны өдөр тул календартаа тэмдэглээд аваарай.

Франка Соццани ба Карин Ройтфельд гэх зэрэг хүндэт гишүүдээс бүрдсэн сонгон шалгаруулалтын хороонд энэ жилээс эхлэн таван шинэ мэргэжилтэн нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулж хэлбэл Buro 24/7-гийн үүсгэн байгуулагч Мирослава Дума, топ модель Карли Клосс, Америкийн Harper's Bazaar сэтгүүлийн ерөнхий редактор Гленда Бэйли, Christian Dior makeup-ын бүтээлч захирал Питер Филипс болон загварын зөвлөх Катрин Росс нар LVMH Prize-д нэгдсэн байна.

Тэмцээний үр дүн 2016 оны зургаадугаар сард тодорно. Харин түүнээс өмнө хагас шигшээд үлдсэн оролцогчид Парис руу аялж, шүүгчдийн бүрэлдэхүүнтэй өөрийн биеэр уулзан цаашдын боломжийг нээх болно.

цааш үзэх