
Miu Miu x New Balance шинэ цуглуулга гарлаа
Теннисчин Коко Гауффтай хамтран ажиллав
Miu Miu болон New Balance брэндүүд үр дүнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд энэ удаа Америкийн теннисний аварга Коко Гауффтай хамтран шинэ цуглуулга танилцууллаа. Коко Гауфф тус цуглуулгад багтсан хувцас, гутал, дагалдах хэрэгслийг Ром, Берлин, Цинциннатид болох олон улсын тэмцээндээ, мөн бусад холбоотой арга хэмжээнүүдэд өмсөхөөр болсон байна. Шинэ загварууд тэмцээн зохион байгуулагдах талбай бүрд зориулагдан өөр өөр өнгөтэйгөөр хийгджээ.
Miu Miu-ийн загварлаг стиль болон New Balance-ийн чөлөөт шинж чанаруудыг хослуулсан тус коллекцийн зураг авалтыг Алессио Болцони, стайлингийг Лотта Волкова хариуцан ажилласан бөгөөд цуглуулгад зориулалтын торгон материалаар хийсэн цахилгаантай юүдэнтэй цамц, өмд, юбка, футболка, поло цамц, топ, пүүз зэрэг загварууд багтсан байна.
Мөн шинэ цуглуулгын хүрээнд “Coco CG2” пүүзний шинэчилсэн хувилбар танилцуулагджээ. Цуглуулга энэ оны есдүгээр сарын 10-наас эхлэн Miu Miu-ийн албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.













