Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид юу өмссөн бэ?
Арвангурав дах дугаар
Жилийн дийлэнх өдрүүдэд даашинз, юбка, өмд гэх зэрэг орчин үеийн загварлаг хувцас өмсдөг Монголчууд бид цагаан сарын баяраар үндэсний хувцсаараа гоёж, монгол хүн гэдгээрээ бахархан гайхуулдаг билээ. Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн шүүгчид ч бас энэхүү битүүний өдөр таарсан арвангурав дах дугаарт зориулан монгол ёс заншлаа хүндэтгэн, үндэсний хувцасны гол төлөөлөгч болсон малгай, дээл, бүсээр гангарлаа. Илүү дутуу маяггүй, энгийн загвартай атлаа нарийн детальтай шүүгчдийн дээл цаана л нэг эрхэмсэг, сэтгэлд дулаахан харагдана.
Шүүгч, хөтлөгч Нора Дагва өнөөдөр хайрт ээжийнхээ урласан чамин хийцтэй толгойн гоёл ба бүсийг зүүж, өөрийн цайвар ягаан өнгийн торгон дээлийг Angelina Voloshina маркийн гялалзсан шигтгээтэй туфлитэй хослуулсан байлаа. Ийм уран гартай, халамжтай ээжээс авьяас чадвараар дүүрэн, уран охин төрөх нь аргагүй биз ээ.
Хөлөөсөө толгой хүртэл монгол үндэснийхээ хэв маягаар хувцасласан шүүгч М.Оргил өнөөдөр үзэгчид биднийг хөх чоно шиг хийморьлог монгол эрчүүдээрээ бахархахад хүргэлээ.
Харин шүүгч Т.Нансалмаагийн зах ба ханцуй хэсгээрээ мөнгөлөг хээтэй цайвар өнгийн торгон дээл үнэхээр тансаг харагдаж байлаа. Цэцэн ухаантай, эрхэмсэг шүүгч маань торон хээтэй, зааны ясан өнгөтэй гоёмсог туфли өмсөж, үсээ хойш нь шууснаар төрхөө зуун хувь төгс бүрдүүлж чаджээ.
Арвангурав дах дугаарын зочин шүүгчээр Сингапур улсын чадварлаг зурагчин Фадли Раман уригдан ирсэн нь үзэгчдийн хувьд гэнэтийн бэлэг болж чадлаа. Тэрбээр гялтганасан материалтай өргөн өмд ба хүзүүний алчуур сонгосноор өөрийгөө загварын салбарын хүн гэдгээ бататгаж, нарийн мэдрэмжээ харууллаа.