Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд хоёр шинэ брэнд нэгдлээ
AtoZ ба Зосон
Монгол дизайнеруудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувцас загварын салбарын хөгжлийг дэлхийн хөгжилтэй нийлүүлэх зорилго тээн ажилладаг Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоо эгнээндээ хоёр шинэ гишүүн нэмлээ. Шинээр нэгдсэн AtoZ марк нь нарийн хийц бүхий цэмцгэр загваруудаараа залуу бүсгүйчүүдэд танил болсон бол Зосон маркийн хувьд Монгол үндэсний уламжлалт хувцсыг орчин үеийн хэв маягт оруулдгаараа онцлог байгаа.
AtoZ
"Энгийн атлаа эгэл бус" - Энэ бол AtoZ маркийн гол зарчим юм. Одоогоос хоёр жилийн өмнө дизайнер Л.Амаржаргал ба А.Энхцацрал нар "Ama to Zazral" буюу "AtoZ" нэртэй маркаа үүсгэн байгуулж, богино хугацаанд нийт таван цуглуулга танилцуулаад амжсан. Нарийн хийц, нямбай оёдол болоод тухайн улирлын чиг хандлага, өнгө зэргийг загвар бүрдээ онцгойлон тусгадаг AtoZ залуу үеийнхэнд аль хэдийнэ танигдсан бөгөөд улирал бүр шинэ цуглуулга гарган тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн сүүлд танилцуулсан хавар-зун 2019 цуглуулгын хувьд зөөлөн эсгүүр бүхий дулаан өнгөтэй, тайван загварууд давамгайлсан харагдлаа.
Зосон
Зосон маркийн хувьд Монгол үндэсний уламжлалт хувцсыг орчин үеийн хэв маягт уусгадаг ба хөвөн даавуу, ямааны ноолуур, торго, хүр хорхойн шүлсээр нэхсэн Япон торго зэрэг цэвэр байгалийн гаралтай материал ашигладаг онцлогтой. Зосон маркийн дизайнерууд загваруудаа бүтээхдээ зүймэл даавуун технологи, гар аргаар будах, хатгах зэрэг загвар зохион бүтээгчийн ур чадвар болоод цаг хугацаа шаардсан нарийн технологиудыг ашигладаг учраас загвар бүр нь ахин давтагдашгүй болж чаддаг байгаа.