Хайх

Наталья Водянова: \"Бид сайн үйлсийн ажлыг илүү технологижсон бас хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа\"

Наталья Водянова: "Бид сайн үйлсийн ажлыг илүү технологижсон бас хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа"

Загвар өмсөгч Наталья Водянова өөрийн хийж байгаа сайн үйлсийн ажил болон загварын салбар хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй талаар хуваалцлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Загвар өмсөгч, хүмүүнлэгийн ажилтан Наталья Водянова Buro 24/7 Middle East-тэй уулзаж, орчин үеийн загварын салбарт юу тохиолдож байгаа тухай хуваалцаж, Maison Guerlain косметикийн брэндтэй хийсэн олон жилийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьж, мөн Мирослава Дума болон Бюро 24/7 сэтгүүлд хайр зарлалаа.

Наталья, та маш олон жилийн турш Guerlain ордонтой хамтарч ажиллаа. Энэ хугацаанд та бүхэн ямар харилцаатай болсон бэ?

Тийм ээ, үнэхээр олон жил өнгөрсөн учраас бидний харилцаа маш бат бөх, жинхэнэ болж хувирсан. Жишээлбэл өнөөдөр шиг ийм өдрүүдэд надад ажил хийж байгаа юм шиг санагддаггүй. Би өглөө ажилдаа ирээд найз нөхдөө харахад үнэхээр жаргалтай байдаг шүү. Би бүр тэднийг миний гэр бүл гэж боддог болсон. Би Maison Guerlain шиг гайхалтай брэндийг төлөөлж байгаадаа үнэхээр баяртай байдаг. Мөн миний хувийн амьдралд, мэргэжлийн талбарт, сайн үйлсийн ажилд гээд бүх зүйлд намайг өдөр бүр дэмжиж тусладаг хүмүүстэй хамт ажилладагтаа маш их баярладаг. Миний хүмүүст туслах хүсэл эрмэлзлийг Guerlain үргэлж хуваалцаж, энэ бүх хугацаанд намайг дэмжиж ирсэн. Бид хамтдаа ойролцоогоор 1,2 сая ам.доллар босгож чадсан. Миний хувьд энэ маш чухал зүйл байсан шүү.

Наталья Водянова: "Бид сайн үйлсийн ажлыг илүү технологижсон бас хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа" (фото 1)

Та загвар өмсөгчийн ажилдаа дуртай хэвээрээ юу?

Мэдээж шүү дээ! Би энэ ажилдаа үнэхээр хайртай. Загвар болон сайн үйлсийн ажлын ачаар миний амьдрал маш баялаг, завгүй байдаг. Ер нь аливаа зүйлд амжилт олохыг хүсвэл тэрхүү зүйлийг бизнесийн нүдээр харах хэрэгтэй. Үүнд мөн сайн үйлсийн ажил ч бас хамааралтай юм. Би ажилдаа үнэхээр дуртай болохоор энэ нь ажил гэхээсээ илүү амралт шиг л санагддаг. Жишээ нь Guerlain брэндийн зураг авалтад ирэхэд хүн бүхэн намайг яг л гүнж шиг халамжилж, магтаж байдаг нь үнэхээр сайхан байдаг. 

Та орчин үеийн загварын салбарын талаар ямар бодолтой байдаг вэ? Бүх зүйл хэт хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа мэт санагддаг уу?

Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш олон өөрчлөлтүүдийн гэрч боллоо. Энэ нь мэдээж бидний мэдээлэл, тренд болон загварыг хүлээн авах арга барилыг өөрчилсөн технологи ба олон нийтийн сүлжээний хөгжилтэй салшгүй холбоотой юм. Намайг карьераа дөнгөж эхлүүлж байх үед бид сэтгүүлийн зураг авалтыг хийхийн тулд аялалд гарч, 10 хоногийн турш ажилладаг байсныг санаж байна. Харин одоо бол зураг авалтад бараг хамгийн ихдээ хоёр хоног зарцуулж, үүний үр дүнд арав гаруй гайхалтай зураг гаргаж авдаг болжээ. Контентод тавигдаж буй шаардлага, олон нийтийн сүлжээ болон бусад контент бүтээх янз бүрийн аргуудад зарцуулагдаж байгаа төсвөөс хамаараад бүх зүйл маш хурдтай өрнөж байна. Тиймээс хүмүүст загвар ба трендийн талаарх мэдээлэл өгч, эд зүйлс худалдан авах боломжийг олгодог цорын ганц тавцан нь сэтгүүл болон бусад мэдээллийн эх үүсвэрүүд байхаа больсон. Хүмүүс одоо хамгийн шинэлэг санаа, шилдэг бүтээгдэхүүн болон шударга, чанартай, жинхэнэ түүх агуулсан брэндүүдийг л сонгох болно.

Наталья Водянова: "Бид сайн үйлсийн ажлыг илүү технологижсон бас хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа" (фото 2)

Технологийн талаар ярихад, Бюро 24/7 дижитал сэтгүүлийн үүсгэн байгуулагч, таны сайн найз Мирослава Дума саяхан Fashion Tech Lab гэх өөрийн шинэ төслөө эхлүүлсэн байгаа.

Тийм ээ, би Мирослава Думад маш их хайртай. Мөн Мирагийн хийж буй бүх төслүүдэд хайртай. Тэр загвар ба технологийг хослуулсан шинэлэг төслүүдэд хөрөнгө оруулах зорилготой бөгөөд 50 cая гаруй ам.долларын хөрөнгөтэй маш том санг үүсгэн байгуулж чадсан. Жишээ нь саяхан Мира нэгэн хиймэл арьс боловсруулдаг компанид хөрөнгө оруулсан байгаа. Тэр цаашид ч иймэрхүү дэвшилтэт төслүүдэд хөрөнгө оруулах болно. Мөн хиймэл биш, лабораторийн нөхцөлд очир эрдэнэ боловсруулдаг нэгэн компани бий. Энэ бол хоорондоо маш ялгаатай зүйлс юм шүү! Ерөнхийдөө энэ нь синтетик очир эрдэнэ чулуу хэдий ч, бүх хэмжигдэхүүнээрээ яг л байгалийн мэт байх юм. Үүнийг сувдтай зүйрлэж болно. Хамгийн анх хиймэл сувдыг танилцуулж байхад хүмүүс хуурамч юм шиг харагдаж байна гэж ярьдаг байлаа. Харин одоо бол байгалийн сувд бараг л байхгүй болсон. Очир эрдэнэ ч гэсэн яг л ийм концепцтой. Синтетик очир эрдэнэ боловсруулах нь маш удаан бөгөөд хүнд үйл явц учраас үнэ цэнэ нь байгалийн чулуутай бараг ижил түвшинд хэмжигдэх болно. Энэ гайхамшигтай төсөл нь загвар, үнэт эдлэлийн салбарт маш том өөрчлөлт оруулна. Мөн бид үүний ачаар очир эрдэнийг олборлоход бий болдог харгислал, бохир наймаа гэх зэрэг зүйлсийг багасгах боломжтой юм. Гэхдээ дахин давтан хэлэхэд хиймэл аргаар төгс очир эрдэнэ бүтээх нь байгалийн чулуу олборлохтой адил маш хэцүү үйл явц байх болно.

Наталья Водянова: "Бид сайн үйлсийн ажлыг илүү технологижсон бас хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа" (фото 3)

Та Elbi гэх өөрийн шинэ аппын талаар бидэнтэй хуваалцахгүй юу.

Бид энэхүү аппыг нэг жилийн өмнө гаргасан юм. Харин энэ жил бид Дэвид Юрман болон H&M брэндтэй хамтарч байна. Elbi аппыг ашиглан бид 80 гаруй орны 40 гаруй байгууллагуудад хандив цуглуулж чадсан. Бид хүн төрөлхтний одоо амьдарч буй дэвшилтэт ертөнц, олон нийтийн сүлжээ ба дижитал орон зайн давуу талыг ашиглан сайн үйлсийн байгууллагууд болон хувь хүмүүс бие биенээ төвөггүй олж чадах тийм л тавцанг бүтээхийг зорьсон юм. Өнөөдөр бид зөвхөн технологийн тусламжтай л үүнийг хийж чадна. Бид маргааш гэхэд "ухаалаг" байшинд амьдарч, одоо аль хэдийнээ аппын тусламжтайгаар худалдан авалт хийж, гудамжинд өөрийгөө жолооддог автомашин харахад бэлэн болоод байна. Харин хүмүүнлэгийн салбарт сайн үйлсийн ажлыг илүү ухаалаг болгож, хувь хүн рүү чиглүүлсэн төслүүдийг бид олж харахгүй байна. Тэгвэл бид яг үүнийг л хийж байна.

Энэ онд та бүхэн ямар сайн үйлсийн төслүүд хэрэгжүүлсэн бэ?

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр бид Fund Fair гэх арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээний хүрээнд олон брэндүүд янз бүрийн зугаатай үйл ажиллагаа ба тоглоомуудыг санал болгосон юм. Өөрөөр хэлбэл энэ арга хэмжээг тансаг зэрэглэлийн яармаг үзэсгэлэн гэж хэлж болно. Яг л хүүхдүүдийн яармаг үзэсгэлэн шиг боловч тансаг зэрэглэлийн брэндүүд болон алдартай хүмүүс оролцсон, насанд хүрэгчдэд зориулсан арга хэмжээ юм. Одоогийн байдлаар бид Нью-Йорк хотод болох дараагийн Fund Fair-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид энэ арга хэмжээг Хэллоуны баяраар Нью-Йорк хотноо зохиох болно. Мөн бид энэ удаад amfAR сантай түншилж байгаа бөгөөд хамгийн гайхалтай нь Жефф Кунс уг төслийн арт директороор ажиллах болно. Түүнчлэн Guerlain брэнд энэ удаад бидэнтэй дахин хамтарч байгаад бид их талархаж байгаа.

Наталья Водянова: "Бид сайн үйлсийн ажлыг илүү технологижсон бас хувь хүн рүү чиглэсэн болгож байгаа" (фото 4)

цааш үзэх