Онцлох Instagram: Кутюр даашинзуудыг зэрлэг байгальтай харьцуулдаг @fashion.biologique
Загварын ертөнцийг амьтан судлаачийн нүдээр харах нь
"Аав миний Vogue-г хураагаад авчихсан тул би оронд нь нэвтэрхий толь бичиг судалж байна" хэмээн @fashion.biologique хуудасны тайлбар дээр бичигдсэн байгаа. Энэхүү Instagram хуудас нь дизайнеруудын хамгийн сүүлийн үеийн цуглуулгад багтсан даашинзуудыг зэрлэг онгон байгаль дахь мөөг, шавж хорхой, ургамал зэрэгтэй харьцуулан нийтэлдэг юм.
Жишээ нь Alexander McQueen брэндийн олон давхарласан хуниастай загвар яг л "хясаан мөөг" шиг харагдах бол, Iris Van Herpen брэндийн даашинз коронавирусын бүтэцтэй тун ижил. Ерөнхийдөө @fashion.biologique хуудсаар зочлох үед бидний хайртай дизайнерууд бүгд биологийн факультет төгссөн мэт, бүх бүтээлч санааных нь эх үүсвэр зэрлэг онгон байгаль мэт санагдана.
Хуудсыг хэн хөтөлдөг болох нь одоогоор тодорхойгүй ч нийтлэлүүдээс нь ажиглахад тэрээр биологийн гүнзгий мэдлэгтэй нэгэн. Тэрээр зураг бүрийн дор тухайн зурагт онцолсон биологийн төрөл зүйлийн талаар сонирхолтой мэдээлэл хавсаргадаг ба ийм байдлаар дагагчдынхаа мэдлэгийн хүрээг тэлэх зорилготой юм.
Урьдчилсан тооцоогоор манай гариг дээр 5-аас 10 хүртэлх сая биологийн төрөл зүйл байдаг. Ингээд харахад байгаль дэлхий бол бүтээлч санааны шавхагдашгүй эх үүсвэр юм.