Pirelli-гийн 2019 оны хуанли кино зураглалын гайхамшиг болжээ
Зураг авалтад Жижи Хадид, Александр Вэнг болон бусад
Жил бүр олны дунд өндөр хүлээлт үүсгэдэг Pirelli хуанли бэлэн боллоо. Энэ удаагийн хуанлийг Шотландаас гаралтай алдарт зурагчин Альберт Уотсон хариуцсан бөгөөд зураг авалтад загвар өмсөгч Жижи Хадид ба Летиция Каста, жүжигчин Жулия Гарнер, балетчин Мисти Коупленд ба Сергей Полунин, дизайнер Александр Вэнг нар оролцжээ.
Өмнө нь зөвхөн үзэсгэлэнт моделиудыг онцлон тачаангуй зураг авалт хийдэг байсан Pirelli 2016 оноос эхлэн чиглэлээ өөрчилж, гаднах төрх гэхээс илүүтэйгээр чадварлаг хүмүүсийн дотоод ертөнцийг харуулан нийгмийн өөрчлөлтийг илтгэх болсон билээ.
Харин 2019 оны хуанлийн хувьд "Мөрөөдлийн хүч" хэмээн нэрлэгдсэн бөгөөд мөрөөдлийнхөө араас явж буй орчин үеийн хүчирхэг эмэгтэйчүүдийг дүрсэлсэн байлаа. Альберт Уотсон зургуудаа яг л киноны хэсэг мэт болгохыг хүссэн ба гол дүрийн бүсгүй бүрд өөрийн гэсэн зохиолыг сэджээ.