Хайх

Raf Simons брэнд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ

Raf Simons брэнд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ

Text: Buro.Mongolia


Prada брэндийн бүтээлч захирал, Raf Simons-ын үүсгэн байгуулагч, дизайнер Раф Симонс хэдхэн цагийн өмнө өөрийн брэндийнхээ үйл ажиллагааг зогсоож буйгаа Instagram хаягаараа дамжуулан мэдэгдлээ. Уг мэдэгдэлд Раф Симонс сүүлд танилцуулсан хавар-зун 2023 цуглуулгаараа загварын ордныхоо 27 жилийн ер бусын аяллаа төгсгөж байгаагаа дурдаж, мөн хамт олон, хамтран ажиллагсад, хэвлэл мэдээллийнхэн, худалдан авагчид, найз нөхөд, гэр бүл, үнэнч шүтэн бишрэгчид болон дагагчдынхаа оруулсан хувь нэмэр, дэмжлэгийг нь үнэлж талархлаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн мэдэгдлийн дээд хэсэгт “Memory wear, 1995, Station to Station, Alda & Jacques” хэмээн бичсэн байх бөгөөд бүгд Raf Simons ордны түүхэн дэх чухал үйл явдлуудыг илэрхийлжээ. Тодруулбал, “Memory wear” гэдэг нь Раф Симонсын бага насны дурсамжаасаа сэдэвлэн бүтээсэн 2015 оны хавар-зун цуглуулгыг илтгэж байгаа бол “Station to Station” гэх нэртэй Дэвид Боуигийн 1976 онд гаргаж байсан цомог нь дизайнерын хайртай “Christiane F.” киноны дууны чухал хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Раф 2018 онд тус киноноос сэдэвлэсэн цуглуулгаа толилуулж байсан. Харин “1995” гэдэг нь брэндийн анх үүсгэн байгуулагдаж байсан он ба “Alda & Jacques” нь Симонсын эцэг эхийн нэр юм.

Одоогоор Raf Simons брэндийн хаагдаж буй шалтгаан болон бусад нарийн мэдээлэл тодорхойгүй байгаа ба дизайнер цаашдаа Prada-гийн бүтээлч захирлаар үргэлжлүүлэн ажиллахыг Hypebeast мэдэгдсэн билээ. 

Raf Simons брэнд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ (фото 1)
Raf Simons брэнд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ (фото 2)
Raf Simons брэнд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ (фото 3)
Raf Simons брэнд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдлээ (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх