Хайх

Рианна дөрвөн хүүхэдтэй болж Мексикт амьдрахыг хүсэж байна. Богино ярилцлага

Рианна дөрвөн хүүхэдтэй болж Мексикт амьдрахыг хүсэж байна. Богино ярилцлага

Их Британийн Vogue сэтгүүлд зориулан ярилцлага өгчээ

Text: Buro.Mongolia


Рианна Их Британийн Vogue сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын гол зочноор уригдан нүүр хуудсан дээр гарахаас гадна сэтгүүлд зориулан ярилцлага өгчээ. Ярилцлагаас нь дүгнэхэд түүний амьдралыг "Work, work, work, work, work" хэмээх алдарт дууных нь үгсээр тодорхойлж болох бөгөөд дуучин, дизайнер ба бизнес эрхлэгчийн хувьд өдрийн цөөн хэдхэн цагийг л нойрондоо зарцуулж, бусад үед үргэлж бүтээлч горимд байдаг байна. Үүнээс гадна тэрээр өөрийн ирэх 10 жилийн төлөвлөгөө, шинэ цомог болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн талаар ярилцжээ.

Сэтгэлийн түгшүүрийн тухайд

"Улаан хивсэнд ойртох тусам амьсгалахад бэрх болж эхэлдэг. Нэгэн удаа би ‘Грэмми' ёслол дээрээс зугтаж байж билээ. Зугтаж шүү! Нүүр будалт ба үс засалтыг маань ч хийж дуусаагүй байсан. Үсийг хагас дутуу янзалсан, нэг нүдэнд сормуус наасан байдалтай зугтсан даа".

Энэ явдал 2016 онд, Рианнаг Грэммигийн тайзнаа Kiss It Better дуугаа дуулах ёстой байх үед болсон юм. Тухайн үед дуучныг хоолойн асуудлын улмаас явах шаардлагатай болсон гэж тайлбарлаж байсан ч үнэндээ сэтгэлийн түгшүүрээс болж байжээ. "Би алдартнуудаар дүүрсэн өрөөнд байхдаа, эсвэл камерын өмнө зогсохдоо одоо ч бага зэргийн айдас, түгшүүр мэдэрдэг" хэмээн дуучин энэ сэдвээр нэмж хэлсэн юм.

Дуртай газруудынхаа тухайд

Одоогоор Рианна дөрвөн улсын хооронд амьдарч байна. Сүүлийн гурван жилийг тэрээр Лондонд өнгөрүүлсэн бөгөөд энэ хотод байхдаа үргэлж маш үр бүтээлтэй ажилладаг болохоо онцолсон юм. Парист тэрээр Fenty Mansion зэрэг өөрийн брэнд болон бусад загварын төслүүд дээрээ ажилладаг бол, Барбадост гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, харин Мексикт амрахаар очдог байна. "Би Мексик улсад ухаангүй их хайртай. Би ер нь ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байх аа" хэмээн Рианна хошигножээ. Магадгүй тэрээр өмнөх амьдралдаа мексик эмэгтэй байсан юм болов уу? "Тийм ээ, би агава ургамал байсан байж болзошгүй. Текилад дуртай шүү".

Рианна дөрвөн хүүхэдтэй болж Мексикт амьдрахыг хүсэж байна. Богино ярилцлага (фото 1)

Шинэ цомгийнхоо тухайд

"Шинэ цомгоо яг хэзээ гаргахаа тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яг одоо би шинэ бүтээлүүд дээрээ төвлөрөн ажиллаж байна". Харин дуучны шинэ цомог хэвлэл мэдээллийнхний шуугьж буйгаар регги урсгалаар хийгдэх болов уу? Үгүй бололтой.

"Миний цомгууд тодорхой нэгэн сэдэв, урсгалд баригдахгүй байхыг хүсдэг. Ямар ч дүрэм байхгүй. Ямар ч формат байхгүй. Зүгээр л чанартай хөгжим, бүтээлүүдээс л бүрдэнэ".

Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухайд

"Арьс өнгөөр ялгаварлах үзэл хаа сайгүй байдаг. Хаа сайгүй" хэмээн дуучин тодотгон хэлсэн байна. Тэрээр Барбадост төрж, өссөн ч түүний ээж Өмнөд Америкийн Гайана улсаас ирсэн цагаач юм. Гайанагийн цагаачид Барбадост амьдрахдаа арьс өнгөөр ихэд гадуурхагддаг байжээ.

"Гайанагийн иргэд АНУ-д амьдардаг мексикчүүдтэй ижил нөхцөлд байдаг. Тиймээс би Америкт арьс өнгөөр гадуурхагддаг латин америкчуудыг маш сайн ойлгодог. Шилжилт хөдөлгөөний албаныхан шөнийн цагаар хаалга тогшин хүмүүсийг авч явдаг тэр зүйлийг ч мэднэ. Өөрийн нүдээр харж байсан. Би тэгэхэд найман настай байсан байх. Тиймээс энэ нь хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг ч сайн мэддэг. Тэр үед эцэг, эхийн маань аль нэгийг аваад явсан бол миний амьдрал нурах байсан байх. Одоо би шударга бус явдлыг харах бүртээ нүдээ аньж чаддаггүй. Эргэн тойронд муу зүйлс тохиолдохгүй байгаа мэт жүжиглэж чадахгүй нь. Энэ талаар би үргэлж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсээр, өөрчлөлт хүссээр байх болно".

Рианна дөрвөн хүүхэдтэй болж Мексикт амьдрахыг хүсэж байна. Богино ярилцлага (фото 2)

Насныхаа тухайд

"32 нас хүрснээсээ хойш амьдрал богино гэдгийг ойлгодог болоод байна. Хүмүүсийн муу, муухай үйлдэл, хандлагыг тэвчиж суух цаг алга. Бид өөрсдөдөө хэт их ачаалал өгдөг. Тиймээс хэт ачаалалтай үедээ аль нэг зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй. Харин яг одоо би хэт ачаалалтай байна" хэмээн Рианна илэн далангүй хуваалцжээ. "Гэхдээ би ирээдүйд бага ажиллахын тулд одоо өөрийгөө ингэж шахаж байна. Ирээдүйд би өөрөөр амьдрахыг хүснэ гэдгээ сайн мэдэж байгаа".

Ирэх 10 жилийн төлөвлөгөөнийхөө тухайд

"10 жил ээ? Би 42 настай байх нь! Эртний хүн болсон байх нь ээ. Юутай ч гурав эсвэл дөрвөн хүүхэдтэй болсон байна даа".

Рианна саяхан өөрийн найз залуу, Саудын Арабын тэрбумтан Хассан Жамилээс салсан билээ. Хэрвээ тэрээр зөв хүнээ олохгүй бол хүүхэдтэй болох хэвээрээ болов уу?

"Тийм ээ, болно. Нийгэм энэ үзлийг буруутгадаг. Хүмүүс хүүхдүүдийн амьдралд эцэг байхгүй үед эх хүний үнэ цэнийг дутуу үнэлдэг. Гэвч хамгийн гол зүйл нь хүүхдүүдийн аз жаргал болон гэр бүлийн эрүүл харилцаа юм. Хайр бол хүүхдийг өсгөн, хүмүүжүүлж чадах цор ганц зүйл".

цааш үзэх