The Fashion Awards 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд
Дэлхийн загварын салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй хувь хүн болон байгууллагуудын алдрыг тунхаглаж, хөдөлмөрийг нь үнэлдэг Их Британийн The Fashion Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд ёслол төгөлдөр эхэллээ. Уг ёслолын гол шагнал болох "Оны шилдэг дизайнер" төрөлд Жон Галлиано, Жонатан Андерсон, Рик Оуэнс, Чемена Камали тэргүүтэй чадварлаг дизайнерууд нэр дэвшсэн бөгөөд тэр хэрээрээ наадам багагүй өрсөлдөөнтэй байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд тус хүндэт шагналыг дизайнер Жонатан Андерсон хүртэж байсан билээ.
Улаан хивсний ёслолд жүжигчин Жемма Чан, Глен Пауэлл, Жэйми Дорнан, дуучин Рианна, реппэр A$AP Rocky болон бусад урлагийн салбарын алдартнууд хүрэлцэн иржээ. Тэдгээрээс загвар өмсөгч Алекса Чангийн өмссөн Miu Miu брэндийн хиймэл үсэн хүрэм, жүжигчин Элли Бамберын сонгосон Prada брэндийн чидун жимсний ногоон өнгөтэй сатин даашинз, мөн модель Янан Ваны гоёсон Gucci брэндийн газар шүргэсэн урттай улаан хүрэн даашинзтай төрх бидний анхаарлыг татаж чадлаа. Харин эрчүүдийн хувьд ихэвчлэн сонгодог хослолоор гоёсон байсан ч тэднээс цэцгэн хээ хуар алагласан шаргал өнгийн савхин хүрмийг өнгө дагуу өмд, гуталтай хослуулан загварчилсан Британийн уран бүтээлч Кожей Радикалийн өвөрмөц хэв маяг онцгойрч байв.
Ингээд The Fashion Awards 2024 наадмын улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүдтэй танилцана уу.