Хайх

Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал

To Audrey with love

Text: Buro.Mongolia


Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал

"Катрин" гэж дуу алдан мэндлэхэд нь "Таны урмыг хугалж буйдаа хүлцэл өчье. Би Одри байна" хэмээн анх танилцсан хоёр тэр мөчид насан туршийн нөхөрлөл үүсгэх эрхэм андтайгаа учирч байгаагаа мэдээгүй байх даа. Одри тэр үед 24 настай. "Сабрина"-д тоглох бэлтгэл хийж байх үеэр, найруулагч Билли Вайлдер түүнийг Парис илгээжээ. Билли Вайлдерын эхнэр Францын от кутюрт дуртай, загварлаг нэгэн болохоор найруулагчид нөлөөлж, "Сабрина" дүр Парисаас ирэх үзэгдлийн төрхийг Европын загварын ордонд даатгахыг хүссэн байна. 1953 онд Одри Парист Живоншитэй уулзахаар очих үедээ түүний нэрийг хэдийнэ мэддэг, "Ромд өнгөрүүлсэн амралт" киноныхоо дараа Живоншигийн ханцуйгүй, дэрэвгэр хүрэм худалдаж авсан, загварт нь дуртай нэгэн байжээ. Харин "Ромд өнгөрүүлсэн амралт" кино Францад гарч эхлээгүй байсан тул Живонши Одри Хепбёрн гэдэг нэрийг сонсоо ч үгүй байж. "Холливуудаас Хатагтай Хепбёрн уулзахаар ирнэ" гэхэд Катрин Хепбёрн гэж бодсноос анх учрахдаа эндүүрсэн нь энэ.

Живонши 26 настай, жил гаруйхан хугацааны өмнө загварын ордноо нээсэн, тухайн үед өвлийн цуглуулгаа танилцуулах ажилтай завгүй байсан тул бараг л татгалзах хариу өгсөн аж. Одри түүнийг оройн зоогт урьж, бэлэн хувцаснаасаа хэдийг үзүүлэхийг хүсч, ятгаж чадснаар маргааш нь Сабринад гурван ээлжийн хувцас авахаар болсон төдийгүй хооллох үедээ өндөр сэтгэгдэл үлдээн, бишрүүлж чадсныг өдгөө 89 настай Живонши үзэсгэлэнгийн нээлтэн дээр дурджээ. Гоёмсог хатгамалтай цагаан даашинзгүйгээр, үдэшлэг дээр олны харааг татах Сабринаг төсөөлөх аргагүй. Зөвхөн Сабрина бус Одригийн бүтээсэн дүр бүрийг Живоншигийн загваргүй төсөөлөхөд бэрх. Кино амжилттай болсны дараа Одри "хожим хийх кино бүрдээ Живоншигийн хувцас өмсөнө" гэж гэрээндээ тусгаж өгсөн байна. Сабринагийн дүр өнөөг хүртэл хамгийн дэгжин бүсгүй хэвээр бөгөөд эмэгтэйчүүд Одри шиг ярьж, явж, хувцасладаг, үсээ засахыг хүсдэг болсон нь түүний бүтээсэн дүрүүдтэй салшгүй холбоотой. Живонши "Одри стилийг" бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн бол эргээд Одригийн тоглосон кино Живонши загварын ордонд нэр хүнд авчирч, түүнд Холливуудын хаалга нээж, бүтээлүүд нь олон улсад нэр хүндтэй болж, хамгийн эрэлттэй загвар зохион бүтээгчийн нэг болоход нь нөлөөлжээ.Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 1)

"Хайрт Одрид" хэмээх саяхан түүнд зориулан гаргасан номныхоо нэрээр нэрлэсэн энэхүү үзэсгэлэнг Живонши он удаан жил үргэлжилсэн нөхөрлөлөө дурсан, үнэнч анддаа зориулан Гааг хотын Гемеенте музейд дэлгэжээ. Үзэсгэлэнгээр тэдний нөхөрлөлийн түүхийг өгүүлэх хувцас, зүүлт чимэглэл, зураг, кино зэргийг танилцуулсан нь цаг хугацаагаар аялуулна.

Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 2)Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 3)

Одриг зургаан настайд эцэг эх нь салж, ээж нь европын язгууртны хүмүүжил олгон, аливаад үл гомдоллох, ажилсаг хичээнгүй, сахилга баттай, даруу байхыг сургасан бол Живонши мөн багадаа эцгээ алдсан, Францын протестант гэр бүлийн язгууртан хүмүүжлээр өсөж том болсон бөгөөд үнэт зүйл, үзэл бодол ижилтэй байсан нь тэдний нөхөрлөл Одриг өөд болтол дөч гаруй жил үргэлжилсэнтэй холбоотой болов уу. Одри эсвэл Живоншигийн тухай унших бүрт тэд бие биенээ сайн, сайхнаар хэлж, биширсэн байдагтай таарна. Одри Живоншиг ах мэт үзэж, түүнд ямар их хайртайгаа илэрхийлэх гэж утас цохьдог байсан бол Живонши түүнийг "манай загварын ордны хүн бүр хайрладаг, бидний ам бүлийн нэг" хэмээн ярьдаг.

Тэрээр Одригийн тоглосон нийт долоон кинонд хувцсыг нь урлажээ. Үзэсгэлэнгийн хамгийн их таалагдсан хэсэг бол тэдгээр киноны костюмыг дэлгэсэн танхим байлаа. Хенри Манчинигийн "Саран гол" аялгуу эгшиглэн, дэлгэц тус бүрт киноны хэсгээс үзүүлж, өмнө нь тухайн кинонд Одригийн өмссөн хувцсыг эгнүүлсэн байхыг та нар дэргэдээс нь харвал ямар гүн сэтгэгдэл үлдээнэ гээч?

Одригийн олны танил дүрүүдийг хувцаслахаас гадна амьдралынх нь нандин мөчүүдийг Живонши дагалджээ. Үзэсгэлэнд түүний том хүүгээ загалмайлуулах ёслолын үеэр өмссөн даашинз, хуримлахдаа өмссөн даашинз зэргийг мөн дэлгэсэн байв. Түүнчлэн Одригийн хийх дуртай хоолны жор, хувийн гэрэл зураг, ном зэргийг танилцуулсан нь түүний бүхий л сайн сайхан шинжийг цогцлоон дурсах гэсэн мэт.

"Бүсгүйчүүд даашинзыг зөвхөн өмсдөг бус дотор нь амьдардаг юм шүү" гэж хэлэх дуртай Живонши багаасаа загвар зохион бүтээх хүсэлтэй, Парист Урлагийн сургууль төгссөн, тухайн үед нэртэй загвар зохион бүтээгч нарын дэргэд дадлагажиж, 1952 онд өөрийн загварын ордныг нээжээ. Анхны цуглуулга болох, дангаар нь салгаж өмсөж болдог, торго, даавуун хослолуудаас бүрдсэн, хөдөлгөөний эрх чөлөөг олгосон, дэгжин атлаа хөнгөн, шинэлэг загварууд нь амжилттай танигдаж, нэрд гарч эхэлжээ. Түүний хувьд бөс материал их чухал, "амьд" зүйл бөгөөд аливаа хувцсыг урлах материалтай эхэлж танилцан, дараа нь загвараа зохиодог аж.

Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 4)

Одригоос гадна бусад олны танил загварлаг хатагтай нар түүний үйлчлүүлэгчид байсныг илтгэх хувцас, зураг үзэсгэлэнд ярайна

Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 5)

Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 6)Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 7)Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 8)

Монакогийн гүнж Грейс 1961 оны тавдугаар сард нөхөртэйгээ Цагаан ордонд уригдан зоог барих үеэр энэхүү ногоон хослолыг өмсчээ. Кеннеди Грейст хандан "Та Живонши өмсөө юү? " хэмээхэд "Та яаж мэдэв ээ, ямар сайн мэддэг юм " гэхэд тэрбээр "Загвар улс төрөөс илүү чухал болж байна. Хэвлэл мэдээллийнхэн миний илтгэх үгсээс илүү эхнэр минь юу өмсөж вэ гэдгийг анхаардаг болсон. Би загварын талаар дажгүй мэдлэгтэй болж байгаа шүү" гэж хариулжээ.

Живонши ба Одри Хэпбёрн: Нандин нөхөрлөлийн дурсгал (фото 9)

Одри Юнисеф-ийн элч болохдоо "энэ ажилд тэнцэх гэж бүхий л амьдралдаа дадлага хийжээ" гэж хэлсэн нь миний анхаарлыг нэн татсан юм. Жүжигчний мэргэжил түүнийг нэр алдарт хүргэсэн боловч, энэхүү хүмүүнлэгийн үйл нь илүү сэтгэл хангалуун болгож, аз жаргалаар дүүргэсэн мэт. Түүнийг мэддэг хүн бүр дурссан байдагчлан Одри ямар ч хүнийг тэгш хүндэлж харьцдаг, сайхан сэтгэлтэй, хүмүүнлэг чанарт итгэдэг, даруу нэгэн. Живоншигийн загвар бусдын нүдэнд тусах, анхаарал татах гэхээсээ илүүтэй эгэл байх, эрхэм байх шинж агуулсан. Дотоод үнэт зүйл, гоо сайхан нь тэднийг холбож, нандин нөхөрлөлийг үүсгэснийг гэрчлэх энэхүү үзэсгэлэнгээр ороод гарахдаа онцгой нэгэн тэр хүмүүнтэй нэн ойр очсон мэт сэтгэгдэл төрж, бие биендээ урам, онгод хайрлах, сайхан дурсамж үлдээх нь найз байхын нэгэн язгуур болохыг ойлгож авлаа.

Гааг хот. 2017 он

 

цааш үзэх