Хайх

Өвөрмөц бөмбөлгөн даашинз урладаг дизайнер Терренс Жоутай танилцацгаая

Өвөрмөц бөмбөлгөн даашинз урладаг дизайнер Терренс Жоутай танилцацгаая

Түүний бүтээлүүд эрх чөлөөг мэдрүүлэх болно

Text: Buro.Mongolia


Хятад гаралтай АНУ-ын загвар зохион бүтээгч Терренс Жоу нь Instagram сүлжээнд @bad_binch_tongtong хэмээх нэрээрээ танигдсан бөгөөд Нью-Йоркийн Parsons School of Design сургуулийг төгссөний дараагаар загварын салбарт хөл тавьсан нэгэн билээ. Тэрээр өөрийн хувцасны брэндээ өнгөрсөн онд дэлхий даяар цар тахал ид дэгдэж байх үед үүсгэн байгуулсан юм. Түүний өвөрмөц, авангард хэв маягийн бүтээлүүд нь стилистүүд болон алдартнуудын анхаарлыг маш хурдан татаж эхэлсэн ба үүний үр дүнд тэрээр Холзи, Оливия Родриго, Камила Кабелло, Карли Клосс нарт зориулан даашинз урласан байдаг.

Дизайнерын сүүлд гаргасан “Balloon” нэртэй хувцасны цуглуулга нь ер бусын бөгөөд хүн бүрийн харцыг булаах хэлбэртэй даашинзуудаар дүүрэн байсан юм. Тэрхүү цуглуулгын зургууд цахим сүлжээгээр өргөн тархаж, олны анхаарлыг тэр даруйд татсан билээ. Уг цуглуулгад багтсан хачин жигтэй хээтэй, бөмбөлгөн даашинзууд нь өмссөн хүнийхээ нүүрийг бүхэлд нь халхалдаг нь шинэ чиг хандлагыг бий болгоод байна. Өнгөрөгч сард зохион байгуулагдсан Met Gala үдэшлэгт хүрэлцэн ирсэн Ким Кардашьяны этгээд хувцаслалтыг л эргэн дурсахад хангалттай.

Мөн Терренс шинэ цуглуулгаа танилцуулахдаа үнэтэй зургийн студи хөлсөлж, нэрт загвар өмсөгчдийг оролцуулдаггүй бөгөөд үүний оронд гэртээ зураг авалт зохион байгуулж, түүний найз нөхөд нь, аль эсвэл тэрээр өөрөө моделийн үүргийг гүйцэтгэдэг билээ. Ингэснээр дизайнер өөрийгөө илэрхийлж, бусдад бүтээлээ түгээхэд заавал их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй гэдгийг өөрийн туршлага дээр нотлон харуулж байгаа юм. Дизайнерын Instagram хуудаснаас ийм маягаар гэрийн нөхцөлд хийгдсэн зургуудтай танилцах боломжтой тул та зочлоод үзээрэй.  


“Өнөөгийн нийгэмд маш олон далд хязгаарлалтууд байдаг. Жишээ нь дресс код бол тэдний нэг юм. Гэсэн хэдий ч цахим ертөнцөд тийм хязгаарлалтууд байдаггүй. Би олон нийтийн сүлжээнд зураг нийтлэхдээ хүссэн бүхнээ өмсөж болно” хэмээн Терренс нэгэн ярилцлагадаа дурджээ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх