Хайх

Виктория Бекхэм: “Өмнө нь бариу хувцас өмсдөг байсан маань өөртөө итгэлгүйн шинж байсан байна лээ\"

Виктория Бекхэм: “Өмнө нь бариу хувцас өмсдөг байсан маань өөртөө итгэлгүйн шинж байсан байна лээ"

Дизайнер хувцас, загварын талаарх асуултуудад хариуллаа

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Ukraine

The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа Виктория Бекхэм загварын оюутнуудын тавьсан асуултуудад хариулжээ. Дизайнер бүсгүй өөрийн стиль болоод хувцас, загварын тухай ярьж, хэрхэн загварын салбарт амжилт олох талаар зөвлөгөө өгчээ.

Карантины үеийн хувцаслалтын тухайд

"Харперын сургуулиас [Дэвид болон Виктория Бекхэм нарын охин] карантины үеэр ч гэрээсээ онлайн хичээлд суухдаа сургуулийнхаа дүрэмт хувцсыг өмсөхийг шаардаж байгаа. Энэ нь надад анх хачирхалтай санагдсан ч үнэндээ хичээл, ажлынхаа горимд ороход тусалдаг юм байна лээ.

Миний хувьд карантиныг винтэж кафтан өмсөн өнгөрүүлэхийг хүссэн ч бодит амьдрал дээр яг л урьдын адил өглөө бүр эрт сэрж, спортоор хичээллэж, ажилдаа зориулж хувцаслаж байна. Ихэвчлэн хуучин жийнсэн өмд, футболка болон дугуй энгэртэй свитер өмсдөг дөө.

Одоохондоо бүхэл өдрийн турш леггинс өмсдөг үе рүүгээ ороогүй л байна. Сайхан харагдаж, сайхан хувцаслах хүсэл маань байсаар л байна. Гэхдээ бид гэр бүлээрээ өдөр бүр зугаалж, алхахаар гардаг тул гутлын хувьд хуучин пүүзнээс өөр гутал бараг л өмсөхгүй байгаа. Ямар ч байсан өсгийтэй гутал өмсөх үе биш байна".

Виктория Бекхэм: “Өмнө нь бариу хувцас өмсдөг байсан маань өөртөө итгэлгүйн шинж байсан байна лээ" (фото 1)

Түүний стиль хэрхэн өөрчлөгдсөн тухайд

"Өмнө нь би маш бариу, корсет загварын даашинзууд өмсдөг байсан. Одоо ч тэр үеийн зарим даашинзууд миний шүүгээнд үлдсэн байдаг. Гэхдээ одоо миний стиль илүү чөлөөтэй болсон. Эргээд харахад тогтмол бариу, богино хувцас өмсдөг байсан маань өөртөө итгэлгүйн шинж байсан байна лээ.

Нас ахихын хэрээр би илүү өөртөө итгэлтэй болсон. Надад юу зохидог, юу өмссөн үед би сайхан харагддаг, ямар загварууд надад тав тух мэдрүүлдгийг сайн мэднэ. Хувцсаараа дамжуулан хэн нэгэнд ямар нэгэн зүйл батлах хүсэлгүй болсон".

1990-ээд оны загварын тухайд

90-ээд онууд үргэлж л надад шинэлэг бүтээлч санаанууд өгдөг. Тод өнгөнүүд, энгийн эсгүүрүүд гээд. Тэрхүү арван жилээс бүтээлч санаа авдаггүй дизайнер гэж бараг л байхгүй байх. Миний хувьд бол 90-ээд оны гудамжны загвар гэхээсээ илүү тэр үеийн Martin Margiela болон Jil Sander-ийн бүтээдэг байсан загварууд чухал санагддаг. Зөвхөн загвар ч гэлтгүй тэдний загварын шоунууд, моделиуд, дуу хөгжим гээд бүх зүйл нь үнэхээр гайхалтай байсан".

Цар тахлын дараа загвар хэрхэн өөрчлөгдөх тухайд

"Бүгд л энэ талаар ярьцгааж байна. Загварын шоунууд бүхэлдээ дижитал хэлбэр лүү шилжих болов уу? Би үргэлж л дижитал форматыг сонирхдог байсан. Манай брэнд бодит дэлгүүрээ нэхээс ч өмнө онлайн дэлгүүр ажиллуулж байсан.

Миний бодлоор хүмүүс өмнөхөөсөө бага аялдаг болж, энэ нь ч загварын салбарт эрх тэгш байдал тогтоход нөлөөлөх байх. Зөвхөн хамгийн том брэндүүдийн зохион байгуулах боломжтой галзуу үнэтэй шоунууд хийгдэх нь багасч, илүү бүтээлч байдал дэлгэрэх байх. Улирлын хуваарьт ч өөрчлөлт орох шаардлагатай. Бид хэтэрхий олон цуглуулга гаргаж байгаагаас болоод загварын шоу дуусмагц хувцаснууд маань хуучирсан мэт санагддаг болоод байна".

Виктория Бекхэм: “Өмнө нь бариу хувцас өмсдөг байсан маань өөртөө итгэлгүйн шинж байсан байна лээ" (фото 2)

Залуу дизайнеруудад өгөх зөвлөгөө

"Ажлаасаа таашаал мэдэр. Би ийм л зарчмаар ажилладаг. Өөрийнхөө зөн совинд итгэ. Өөрийнхөө гаргасан алдааг засахад хялбар ч зөн совингийнхоо эсрэг хийсэн үйлдэлтэй нүүр тулахад хавьгүй хэцүү байдаг. Зөн совин гэдэг зүйл учиртай болоод л байдаг юм шүү дээ.

Аль болох их дэвшилтэт технологи ашигла. Бусдаас өөр сэтгэхээс бүү ай. Тэр тусмаа төсөв тань бага бол стандартын дагуу биш өөрөөр сэтгэх хэрэгтэй. Эцэст нь бид бүгд л энэ хямралыг даван туулахын тулд илүү их хөдөлмөрлөх шаардлагатай болж байна".

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх