Vogue Fashion Dubai Experience, хоёр дах өдөр
Дорнын зүг
Who is On Next? тэмцээн Италиас хальж, хүрээгээ тэлж байна. Энэ жил Италийн Vogue болон Altamoda сэтгүүлийн дэмжлэгтэйгээр Ази, Ойрхи Дорнод болон Африкийн дизайнеруудын дунд энэхүү тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээний нэгдүгээр шатанд 25 дизайнер оролцож, шүүгчдийн өмнө цуглуулгаа танилцуулсан байна. Шүүгчид (Мирослава Дума мөн шүүгчээр ажилласан) эрэгтэй, эмэгтэй хувцас болон аксесуар гэсэн гурван төрлөөс шилдэг дизайнерыг тодруулжээ.
Ялагчид 2016 оны загварын ертөнцийн томоохон арга хэмжээнүүд болох Флоренцийн Pitti Uomo, Ромын Altaroma мөн Миланын загварын долоо хоног зэрэг үйл явдлуудад цуглуулгаа танилцуулж, дэлхийн хэмжээнд танигдах боломжийн эзэн болно. Үүнээс гадна тэдний загварууд эхлээд The Dubai Mall-ын тусгай тасагт тавигдах ба дараа нь Yoox.com сайтаар худалдаалагдана.
Гэвч тэмцээн Vogue Fashion Dubai Experience-ийн хоёр дах өдрийн цорын ганц гол үйл явдал биш байсан юм. Уг өдөр мөн нэгэн зэрэг гурван нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ үеэр Мирослава Дума олон нийтийн сүлжээнд хэрхэн зөв пи-ар хийх талаар зөвлөгөө өгсөн бол харин Кристиан Лубутен брэндээ хэрхэн байгуулсан тухай ярьж, Сильвия Вентурини-Фенди италийн загварын талаар илтгэл тавьсан байна.