Загварын архив: Versace-гийн алдарт лого үүссэн түүх
Жанни Версаче яагаад заавал Медузагийн толгойн дүрслэлийг сонгосон бэ
Энэ жил Versace ордны хувьд нэгэн эмгэнэлт үйл явдлын ой тохиож байна. Тодруулбал загварын ордны үүсгэн байгуулагч Жанни Версаче 1997 оны долоодугаар сарын 15-нд гэмт хэрэгтний гарт хөнөөгдсөнөөс хойш өдгөө яг 20 жил өнгөрчээ. Саяхан болж өнгөрсөн Миланы загварын долоо хоногийн үеэр Донателла Версаче ахынхаа гэгээн дурсгалд зориулсан цуглуулга бүтээж, түүний нэрэмжит сэтгэл хөдөлгөм загварын шоу зохион байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан бид дэлхийн хамгийн алдартай, олонд танигдсан логог судлахаар шийдэж, Медузагийн толгойн түүхийг сөхөж байна.
Жанни Версачегийн төрсөн Калабрия бүс нутаг нь МЭӨ VIII зуунаас эхлэн МЭӨ III зуун хүртэл Грекчүүдийн эрх мэдэлд байсан бөгөөд энэ хугацаанд грекчүүд уг бүс нутагт хэд, хэдэн чухал ач холбогдолтой дурсгалт хөшөөнүүд үлдээсэн байдаг. Версачегийн анхны цуглуулгуудаас тэрхүү эртний соёл иргэншлийн нөлөөлөл маш тодоор харагддаг. Жанни анх Callaghan гэх брэндэд ажилладаг байх үеэсээ л энэ сэдвээр эргэцүүлж, алдарт загвар өмсөгч Верушка фон Лендорфыг хүртэл Эртний Грек улсыг санагдуулам нөмрөгөөр гоёж байсан түүхтэй байдаг. Тэрээр нэрийн брэнд үүсгэн байгуулахаар шийдэх үедээ Медуза буюу далайн залхагны толгойн дүрслэлийг сонгож, үүнийг эмэгтэй хүний хүч чадал, гоо үзэсгэлэн ба эрх мэдлийн бэлэг тэмдэг болгож байжээ. Олон жилийн дараа Донателлагаас брэндийн логог асуухад тэрээр "Медузад дурласан хүн бүр түүнийг хэзээ ч мартдаггүй учир Жанни энэ дүр төрхийг ашиглахыг хүссэн" хэмээн хэлсэн байдаг. Versace брэндийн хувцаснууд яг л Медуза шиг соронзон эффект үзүүлэх учиртай гэж Донателлаа онцолж байсан юм.
Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал Versace-гийн алдарт лого дээр гантиг чулуу бүхий Медуза Ронданинигийн дүрслэл буусан байдаг бөгөөд энэ нь үзэсгэлэнт бүсгүй мангас болон хувирч буй хормыг харуулсан дүр зураг юм. Хамгийн сонирхолтой нь Жанни Версачегаас өөр ийм зэргийн нарийн ажиллагаатай, буулгахад хүндрэлтэй зургийг брэндийн логогоор сонгосон дизайнерууд бараг л үгүй юм. Гэхдээ үнэн хэрэгтээ Versace-гийн домогт алдар нэрд Медуза толгойн лого багагүй хувь нэмэр оруулсан гэдэгтэй маргах хүн үгүй билээ.