Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Хип-хопын шүтээн Алия
Орчин үеийн үндсэн тренд болоод буй спорт аястай гудамжны стилийг санаачлагч хүмүүсийн нэг
Дэлхийн нийт Жижи ба Белла Хадидаар "өвчилж", Рианна загварын шүтээнээр нэрлэгдэхээс олон жилийн өмнө Бруклины нэгэн бүсгүй хип-хопын тайзнаа гарч ирэн, спорт аястай гудамжны стиль гэж юу болохыг хүн бүхэнд харуулж байсан түүхтэй. Тэр бүсгүйг Алия гэдэг байсан юм.
Албан ёсны уур амьсгалтай шагнал гардуулах ёслол дээр цасан цагаан үслэг хүрэм, кроп топ болон уулын гутал өмсөн хүрэлцэн ирэх нь Алиягийн хувьд асуудал биш байсан. Тухайн үед зөвхөн Алия сагсан бөмбөгийн өмсгөлийг эмэгтэйлэг харагдуулж чаддаг байлаа. Мөн зөвхөн Алия өдөр нь пүүз өмсөн гадуур алхах боловч орой нь бие барьсан хагас гэрэлтэх даашинзыг өндөр өсгийттэй хослуулан дүр төрхөө орвонгоор нь өөрчилж чаддаг байсан юм. Тэрээр өөрөө ч мэдэлгүй орчин үеийн загварын чиг хандлагыг урьдчилан харжээ. Oversize загварын хүрэм, бэхэлгээтэй өргөн өмд, ажлын комбинзон өмсгөл, замын ажилчдын өмсгөлийг санагдуулам гэрэл ойлгох туузтай загварууд, тэгш өнцөгт линзтэй нарны шил, гангстер хэв маягийн үслэг хүрэм зэргийг загварлаг болгосон хүмүүсийн нэг бол Алия юм. Орчин үеийн томоохон дизайнерууд ч түүнээс бүтээлч санаа авах дуртай. Тухайлбал Томми Хилфигер Алиягаас санаа аван Tommy Girl цувралынхаа хэв маягийг илүү гудамжны, залуу уур амьсгалтай болгохоор шийдсэн байдаг. "Өмнө нь Tommy Girl даруухан, преппи хэв маягтай байсан. Бид маш их дөрвөлжин хээтэй загварууд, сургуулийн өмсгөлүүд гаргадаг байлаа. Харин 1996 онд Алияг цувралынхаа нүүр царайгаар сонгох үед бүх зүйл өөрчлөгдсөн" хэмээн Томмигийн дүү Энди Хилфигер нэгэн ярилцлагадаа дурдаж байсан билээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт