Монголын загварын ертөнцөд шинэ нэр: IDA Studios
Шинэ улиралд зориулсан Re:FLOW цуглуулга
Монголын загварын ертөнцөд өрнөж буй үйл явдал бүхэнд соргогоор ханддаг BURO-гийн анхаарлыг IDA Studios хэмээх бүтээлч залуусын нэгдэл татлаа. Залуу загвар зохион бүтээгч Лида болон Бельгийн хувцас загварын дизайнер Адриен де Вилле нарын хамтран үүсгэн байгуулсан IDA Studios нь Монголын түүх төдийгүй нүүдэлчин соёлын үндэс болсон уламжлалт зүйлсийг орчин үеийн хэв маяг, трендүүдтэй хослуулсан загварууд урлаж, улс эх орноо олон улсад таниулах зорилготой ажээ.
Тэд хувцас урлах үйл явцаа урлаг туурвихтай зүйрлэсэн ба бясалгал, загвар, архитектур, хөгжим гэх зүйлсээс бүтээлч санаа, урам зориг авдгаа онцолсон юм. Ингэснээр IDA Studios-ийн бүтээсэн загвар илүү өнгөлөг, шинэлэг болдог аж. Түүнчлэн IDA Studio-ийн бүтээлчид уран бүтээл, загварууддаа хэний ч санаанд оромгүй нарийн элементүүдийг шингээхийн тулд олон артистуудтай хамтрахыг зорьдог байна. Тухайлбал логогоо бүтээхдээ уран бичээч Самандбадраагийн Тамиртай хамтран гарын ганц л хөдөлгөөнөөр "IDA" гэх нэрийг хэрхэн кирилл болон Монголын уламжлалт бичгээр бичиж болохыг олж нээн өвөрмөц хэлбэр дүрс бүхий логог бүтээсэн ба энэхүү лого нь үнэхээр загвар бол урлагийн нэгэн хэсэг гэх IDA Studios-ийн үзэл санааг илэрхийлж чаджээ.
IDA Studios үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт гурван цуглуулгыг урласан ба шинэ улиралд зориулан уламжлал ба орчин үеийн силуэт, хэв маяг нэг дор шингэсэн Re:FLOW хэмээх цуглуулгыг гаргасан байна. Ингээд шинэ цуглуулгатай танилцацгаая.