Хайх

Та яагаад \"Mongolia's Next Top Model\" реалити шоунд бүртгүүлэх хэрэгтэй вэ?

Та яагаад "Mongolia's Next Top Model" реалити шоунд бүртгүүлэх хэрэгтэй вэ?

Мөрөөдөл биелдэг!

Text: Ж.Чинбат


Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэг удахгүй зохиогдох болсон тухай мэдээ бүсгүй таны сэтгэлийг догдлуулсан гэдэгт бид итгэлтэй байна. Дэлхийд алдартай энэ шоуны оролцогч болж, ялагч болохыг хүсч байвал анхаарлаа хандуулаарай

Шинэ дүр төрх, шинэ топ модель тодруулах "Mongolia's next top model" реалити шоу нэвтрүүлэгт бид супер модель болох хүсэл эрмэлзэлтэй 16-25 насны охид бүсгүйчүүдийг оролцохыг урьж байна. Хэнээс ч дутахгүй зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй, гэрэл зурагт гайхалтай хувирч чаддаг, бүгдийн хайрыг татам охид Монголд маш олон байдаг шүү дээ. Магадгүй та өмнө нь загвар өмсөгч болохыг хүсдэггүй, өөрийнхөө боловсрол, карьерт илүү анхаардаг ухаалаг нэгэн байсан байж болох юм. Тэгэхдээ та хэдэн хором гаргаад өөрийгөө толинд харахыг хүсье. Магадгүй таны өмнө Монголын дараагийн шинэ топ модель, ирээдүйд дэлхийн загварын ертөнцөд хөл тавьж, жинхэнэ шуугиан тарьсан амжилтын эзэн сууж байж болох юм. Парис, Нью-Йоркийн загварын тайзан дээр алхаж, сэтгүүлийн нүүр хуудсанд гарч, алдартай брэндүүдийн зураг авалтанд оролцож, сошиал ертөнцөд сая, сая хүнийг дагуулсан тийм хүчтэй, сэтгэл татам бүсгүй байх боломж маш олон эмэгтэйд бий. Харин үүний тулд хүслээ өдөөж, мөрөөдөлдөө үнэнч байж, өөртөө итгэх буюу товчхондоо зоригтой байх нь л чухал юм. 

Та яагаад "Mongolia's Next Top Model" реалити шоунд бүртгүүлэх хэрэгтэй вэ? (фото 1)

Өнгөрсөн хугацаанд "Топ модель" шалгаруулах арга хэмжээ Монгол улсад цөөнгүй зохион байгуулагдсан ч цаг өнгөрөх тусам оролцогчдын чанар, чансаа буурч, олон нийтээс хүндлэл хүлээж чадахаа больсныг та бүхэн мэдэх биз ээ. Тийм ч учраас шинэ үеийн загвар өмсөгчид аливаа тэмцээн уралдаанд орохоос зайлсхийх болсон юм. Тэгвэл дэлхийн загварын ертөнцийн бүхий л стандартыг хангасан олон төрлийн шалгуур, сорилттой "America's next top model" реалити шоуны Монгол хувилбар удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.

"Mongolia's next top model" реалити шоу нэвтрүүлгийг Монгол улсад хийх онцгой эрхийг Боловсрол телевиз эзэмшиж байгаа бөгөөд Бюро 24/7 хамтран ажиллах болсон юм. Бюро 24/7-гийн уншигчид үргэлж дэлхийн загварын чиг хандлагыг бусдаас түрүүлэн уншиж, гоо сайхан байх, өөрийгөө нээн илрүүлэх, улам хөгжүүлэх, урам зоригоор дүүрэн амьдрах тэмүүлэлтэй хүмүүс байдаг билээ. Тэгэхээр энэ бүхнийг нэг дор цогцлоосон "Mongolia's next top model" реалити шоу нэвтрүүлэг эхлэхээс өмнө бид тус тэмцээнд оролцохыг хүсч буй хүмүүсийг ямар боломж, гэрэлт ирээдүй хүлээж байгаа тухай мэдээлэл хүргэе. 

Өөрийгөө нээж, шударга өрсөлдөөн дунд хөгжих боломж

Загвар өмсөгч хүнд байх ёстой өөрийгөө илэрхийлэх чадвар, камертай харьцах, тайзны алхаа төгс хийх, багаар ажиллах чадвартай байх, олон дүр төрх бүрдүүлж хувирах, өөрөөсөө гадна хувцасаа үзүүлэх, айдсыг ялан дийлэх, загварын зогсолт авах ур дүй, дизайнерууд болон шилдэг брэндүүдийн итгэлийг олж, дүр төрхөөр нь хэрхэн сонгогдох зэрэг жинхэнэ шалгуурууд оролцогч таныг хүлээж байна. Тэгэхээр хэн шалгуур, сорилоо амжилттай биелүүлнэ, түүнд жинхэнэ боломж нээгдэнэ.  

Та яагаад "Mongolia's Next Top Model" реалити шоунд бүртгүүлэх хэрэгтэй вэ? (фото 2)

Ирээдүйдээ илүү итгэлтэй болж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх

America's next top model реалити шоуны цувралуудыг зөвхөн Америкт гэхэд жил бүр 4-6 сая үзэгч үздэг бөгөөд мөн дэлхийн 40 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр гардаг билээ. Тиймээс сая, сая хүний нүдэн дээр явагддаг тэмцээний шүүлт тус реалити шоунд оролцогчдын өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг юм. Учир нь хэдийгээр тэмцээнд түрүүлж чадахгүй байсан ч чамайг маш олон загварын агентлаг, кино продюсерууд, алдартай брэндүүд ажиглаж харах болно. 

Загварын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүстэй танилцах боломж

Боловсрол телевиз "Mongolia's next top model" реалити шоу нэвтрүүлгийг хийх болсон гол зорилго нь олон улсын контент хөгжлийн чиг хандлагад нийцсэн, чанартай уран бүтээл хийх юм. Тийм ч учраас өнөөдөр Монголд загварын салбарт ажиллаж байгаа хамгийн тэргүүлэх зэргийн уран бүтээлчид, дизайнерууд, гэрэл зурагчид нэвтрүүлгийн багт ажиллах болно.

Хэрэв модель болохыг хүссэн охид өмнө нь ганцхан загварын агентлагт хандах, эсвэл аль нэг сайн зурагчинтай холбогдох зэрэг өөрийгөө нээн таниулах боломж хязгаарлагдмал байсан бол одоо бүх зүйл өөр мэргэжлийн тогтолцоогоор явна. "Mongolia's next top model" реалити шоу нэвтрүүлэгт бүртгүүлэгчдээс шалгарсан 14 оролцогч дугаар бүрийн зураг авалтан дээр шилдэг мэргэжилтнүүдтэй ажиллаж, өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах болно.

Та яагаад "Mongolia's Next Top Model" реалити шоунд бүртгүүлэх хэрэгтэй вэ? (фото 3)

Өөрийн гэсэн супер танилцуулгатай болох

Та тэмцээнд оролцохоор бүртгүүлэхдээ анх 2 минутын видео танилцуулга хийж гараагаа эхэлсэн бол шоуг өндөрлөхөд сонирхолтой, адал явдлаар дүүрэн зураг авалтуудаас үлдсэн маш олон чанартай зурагтай болно. Мөн нэвтрүүлгийн дугаар бүрт таны ярилцлага гарч, өөрийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, хүсэл мөрөөдлөө ярьж амжина. Эцэст нь ямар ч реклам сурталчилгаа бүтээгч, загварын агентлаг, дэлхийд алдартай брэндүүдийн франчайз эрх эзэмшигчдэд үзүүлэх гайхалтай намтар үлдэх юм. 

Гадаадын загварын агентлагуудтай холбогдох боломж

Та аль хэдийнэ загвар өмсөгч болчихсон байна гээд төсөөл дөө. Мэдээж та царайлаг, бусдын сэтгэлийг татах дур булаам бөгөөд чадварлаг байж таарна. Тэгвэл Монголдоо топ модель болсноор бүх зүйл хязгаарлагдахгүй. Цаашдаа Хонг-Конг, Сингапур, Сөүл, Токио, бүр цаашлаад их дөрвөл болох Нью-Йорк, Милан, Лондон, Парис гээд дэлхийн хувцас загварын нийслэл болсон хотууд бий. Эдгээр газрууд таны ирээдүйн хамгийн том зорилго болно гэдэгт бид итгэлтэй байна. Харин тэр зорилго, мөрөөдөлдөө хүрэхэд дэлхийд алдартай "America's next top model" тэмцээний албан ёсны хувилбарт оролцож түрүүлсэн амжилт тань анхны шат болж, маш том суурь болж өгөх юм шүү.

За ингээд бүсгүй минь та аль хэдийнэ Mongolia's next top model нэвтрүүлэгт оролцох талаар бодоод эхэлчихсэн бол энд дарж хэрхэн бүртгүүлэх тухай олж мэдээрэй. Эсвэл 9700-4004, 9700-2002 утас руу холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Та яагаад "Mongolia's Next Top Model" реалити шоунд бүртгүүлэх хэрэгтэй вэ? (фото 4)

цааш үзэх