Хайх

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ?

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ?

Өөрийн ордод тохируулж

Text: Ө.Тодгэрэл


Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? Мөн цаг нь тулчихсан үед хаанаас өөрт тохирсон төгс даашинзыг олох вэ? Бүсгүйчүүд биднийг шаналгаж буй эдгээр нэн чухал асуултад Улаанбаатар дахь Versace Collection дэлгүүртэй хамтран гаргасан Бюро 24/7-гийн загварын зурхай хариулна

Та үүнийг анзаараагүй байж болох ч эмэгтэйлэг даашинз эсвэл төгс эсгүүртэй пиджаканд өөрийн эрхгүй дурладаг хачирхалтай сонирхол тань үнэн хэрэгтээ од эрхсийн нөлөө байж болох юм. Таныг өөрөөс тань илүү сайн тодорхойлж чаддаг ордны зурхай хувийн стильд ч бас чухал нөлөө үзүүлдэг. Орд бүр өөрийн гэсэн онцгой чадвартай бөгөөд тэрхүү онцлогоо хувцаслалтаараа дамжуулан олонд гайхуулахыг хүсдэг юм. Тухайлбал үргэлж адал явдал эрэлхийлж байдаг нум биед эвтэйхэн загвар сонгодог бол романтик загас эмэгтэйлэг даашинзанд дурлаж, бардам арслан улаан өнгөөр гоёдог.

Доорх загварын зурхай танд ямар хувцас сайхан зохихыг тодорхойлж, шинэ жилийн үдэшлэгийн төгс төрхийг олоход тусална. Бид энэ зорилгоор орд бүрд тохирох, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага бүхий шилдэг загваруудыг Versace Collection брэндийн Монгол дахь албан ёсны салбар дэлгүүрээс сонголоо. Тэгэхээр од эрхэс танд юу өмсөхийг зөвлөж байна вэ?

 

ХОНЬ

Адал явдалд дуртай, бүтээлч сэтгэлгээтэй хонины ордныхон шинэ тренд туршиж, зоригтой дүр төрх бүрдүүлэх дуртай. Тэд байгалиас заяасан өөртөө итгэлтэй зан чанарынхаа ачаар ямар ч хувцас өмссөн сайхан харагддаг. Энэ ордны бүсгүйн гол чадвар энгийн загвартай хувцаснуудыг бүтээлч байдлаар хооронд нь хослуулж, гэнэтийн бөгөөд өвөрмөц зохицолдоо үүсгэхэд оршдог юм. Ингэснээр тэд үргэлж хамгийн загварлаг хувцасладаг бүсгүйчүүдийн тоонд багтдаг. Харин баярын өдрүүд хонины ордныхны хувьд уран сэтгэмжээ чөлөөлж, өөрийн хөгжилтэй, өвөрмөц сэтгэмжийг харуулах том боломж болж өгдөг. Энэ улирлын гол тренд болох хамба хилэн материалтай цамц ба харандаа хэлбэрийн хээтэй юбка тэрхүү зорилгыг нь төгс биелүүлэх болно.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 1)

 

ҮХЭР

Хүчирхэг ба прагматик чанараараа алдартай үхрийн ордныхон аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийхдээ нэн түрүүнд урт хугацааны ашиг тусыг нь тавьдаг. Өөрөөр хэлбэл тэд хэзээ ч жилд нэгхэн удаа өмсөх даашинз худалдаж авахгүй. Үүний оронд үхрүүд баярын улирал өнгөрсөн ч бусад амьдралын нөхцөл байдалд тааруулан өмсөх боломжтой, нийтлэг хувцасны эрэлд гардаг. Энэ ордны бүсгүйчүүдэд стиль ба чанар гэдэг үгс яг ижил утгатай юм. Тэд хамгийн сүүлийн үеийн тренд гэхээсээ илүү мөнхийн сонгодог загвартай, дээд зэргийн чанартай загваруудад дурлана. Шингэн металл мэт харагдах чамин коовт ба гялалзсан утас бүхий оруулгатай, богино тайралттай кюлотт өмд тэдний хувьд шилдэг сонголтуудын нэг байх болно.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 2)

 

ИХЭР

Ихрийн ордны бүсгүйчүүдийг ямар нэгэн тодорхой ангилалд хамруулах боломжгүй. Нэг өдөр сонгодог хэв маягаар хувцасласан ихрийнхэн дараагийн өдөр нь тэс ондоо, этгээд төрх бүрдүүлсэн байдаг. Сониуч зантай, хурц ухаантай тэд маш идэвхтэй амьдралын хэв маягаар амьдарч, аль болох их аялж, сурч боловсрохыг эрмэлздэг. Тиймээс тэдний хувцасны шүүгээнд ямар ч нөхцөлд хэрэг болох, төрөл бүрийн загварууд хадгалагддаг юм. Дүрэлзэж буй дотоод сэтгэлийг нь илэрхийлэх ер бусын дизайнтай атлаа олон ажлыг зэрэг амжуулахад туслах, хөдөлгөөн хорьдоггүй, биед эвтэйхэн хувцас тэдэнд хамгаас таалагддаг. Нил ягаан өнгийн хамба хилэн цамц ба торгомсог материалтай, хээтэй өмд  ихрийн бүсгүйчүүдийг тансаг, бусдаас өвөрмөц бас эрч хүчтэй харагдуулна.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 3)

 

МЭЛХИЙ

Энэ ордны бүсгүйчүүд загварын тал дээр эрсдэлтэй алхам хийх дургүй. Тэд бүсгүй хүний гоо сайхныг улам тодотгож өгдөг, эмэгтэйлэг хэв маягтай, сонгодог хувцсанд дурладаг. Тэд бол сахилгагүй гэхээсээ илүү дэгжин бүсгүйчүүд юм. Бусдад санаа тавьдаг, уян зөөлөн сэтгэлтэй, мэдрэмтгий мэлхийг хэзээ ч моодноос гарахгүй, цэмцгэр даашинз тодорхойлно. Харин чамин хийцтэй ээмэг, тэгш өнцөгтэй клач цүнх гэх зэрэг аксесуарууд тэдний төрхийг илүү эмх цэгцтэй хувийн чанартай болгоход тусална.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 4)

 

АРСЛАН

Зоригтой, бардам зантай, төрөлхийн удирдагч арслангийн ордныхон олны анхаарлын төвд байх дуртай. Тэд төгс харагдаж байх үедээ өөртөө илүү их итгэлтэй, хүчирхэг болдог. Арслангийн ордны бүсгүй нөхцөл байдалдаа тохируулан хувцаслах дуртай бөгөөд өөрийнхөө амжилтыг харуулах зорилгоор үнэтэй брэнд, тансаг эд зүйл сонгохоос татгалздаггүй. Үдшийн хамгийн анхаарал татам, үзэсгэлэнтэй, тод бүсгүй байхаас эмээдэггүй арсланд улаан өнгө сайхан зохидог. Тэр дундаа улаан өнгийн өмдөн хослол тэдний зан чанарыг төгс илэрхийлнэ. 

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 5)

 

ОХИН

Даруухан, гэнэн цайлган, шударга зантай охиныхон баярын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг. Тиймээс тэд хэзээ ч хэтэрхий задгай, эсвэл этгээд хувцас өмсөж, гэрийнхнийгээ гайхшруулахгүй. Охины ордны бүсгүй цэмцгэр, эмэгтэйлэг, чамин атлаа хэт их хичээгээгүй мэт харагддаг, энгийн эсгүүртэй загварт дуртай. Өндөр захтай, галбир тодотгосон, үл ялиг сээтгэнэсэн өнгө аястай хувцас охиныхны гоо үзэсгэлэнг улам тодотгоно. 1970-аад оны твигги хэв маягийн  А хэлбэрийн даашинз үүний тод жишээ юм. 

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 6)

 

ЖИНЛҮҮР

Аливаа зүйлээс гоо зүйн таашаал авч чаддаг нарийн мэдрэмжтэй жинлүүрийн ордныхон амьдралынхаа турш маш олон төрлийн стиль туршиж үздэг. Тэдний хувцаслалтын хэв маяг тогтмол шинэчлэгддэг ч тансаг материал ба эмэгтэйлэг эсгүүрт татагддаг дур сонирхол нь хэзээ ч өөрчлөгддөггүй юм. Эелдэг, сэтгэл татам жинлүүрүүд амгалан тайван орчинд амьдарч, үзэсгэлэнтэй зүйлсээр өөрийгөө хүрээлэхийг зорьдог. Тэд нөхцөл байдалдаа тохируулан, зөв зохистой хувцаслахыг хүсдэг. Торгон материалтай эмэгтэйлэг хослол жинлүүрүүдийн хувьд хамгийн шилдэг баярын гоёл болно.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 7)

 

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордны бүсгүй өрөөнд орж ирэх үед хүн бүрийн анхаарал түүн рүү чиглэдэг. Энэ ордныхны дүрэлзсэн, сэтгэл хөдөлгөм зан чанар түүний хувцаслалтын стилиэс яруу тодоор илэрнэ. Бусдыг татах онцгой чадвартай, тачаангуй бас нууцлаг хилэнц учирсан хүндээ гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Ихэвчлэн хар бараан ба улаан өнгийн, эр зориг шаардсан, галбир тодотгосон хувцсанд татагддаг хилэнцүүдэд хоёр талаараа гялалзсан оруулгатай, токсидо хослол гарцаагүй таалагдана. Ийм сонголт хийснээр тэд төрөлхийн халуухан бөгөөд хүчирхэг зан чанараа илэрхийлж чадах юм.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 8)

 

НУМ

Үргэлж адал явдал эрэлхийлж байдаг нумынханд аливаа хувцасны биед эвтэйхэн чанар хамгаас чухал. Тэд цагийг аль болох зугаатай ба эрч хүчтэй өнгөрөөх дуртай тул өмссөн зүйл нь загварлаг байхын хажуугаар мөн хөдөлгөөн хорьдоггүй байх шаардлагатай байдаг. Өөдрөг зан чанартай, идэвхтэй нум шинэ жилийн үдэшлэг дээр хэзээ ч тайван суухгүй. Тэд бүжиглэж, хөгжилдөж, хүмүүстэй амьд яриа өрнүүлнэ. Тиймээс энэ ордны бүсгүйд алтлаг хатгамалтай богино пиджак ба гялалзсан детальтай жинсэн өмд гэх биед эвтэйхэн атлаа, орчин үеийн шийдэлтэй, cool төрх тохирно.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 9)

 

МАТАР

Матрын ордныхон маш шийдэмгий, хараат бус бөгөөд хамгийн гол нь прагматик зан чанартай хүмүүс юм. Тэд үргэлж хичээгээгүй мэт мөртлөө дэгжин харагддаг онцгой чадвартай. Төгс эсгүүртэй, тансаг материалтай загварууд тэдний шүүгээг дүүргэнэ. Матар бүх зүйлийг өөрөө удирдах дуртай тул эрсдэл гаргах магадлалтай, хэтэрхий задгай эсвэл богино загвар өмсөхөөс татгалздаг. Тэд гангалах дуртай ч өмсөхөд бэрх зүйлсийг хэзээ ч өмсөхгүй. Алтлаг оруулгатай богино хар даашинз энэ ордны бүсгүйн мөн чанарт төгс тохирно. Хэтэрхий задгай биш хэрнээ тачаангуй, сонгодог атлаа бага зэрэг диско уур амьсгалтай энэ даашинз тэднийг үдэшлэгийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг болгоно.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 10)

 

ХУМХ

Хумхын хэв маягийг шинэлэг, өнгөлөг бас зугаатай гэх үгсээр тодорхойлж болно. Энэ ордныхон хэзээ ч бусдад зориулж хувцасладаггүй. Тэд зөвхөн өөрсдийг нь аз жаргалтай болгодог зүйлсийг л өмсдөг. Бусад хүмүүс тод өнгө, толгой эргэм баялаг хээнээс эмээх магадлалтай боловч хумх хэзээ ч тэгдэггүй. Загварын хамгийн зоримог алхмыг тэд л хийдэг юм. Шинэ жилийн үдэш ч бас хумх бусдаас онцгойрохыг хүснэ. Ихэнх бүсгүйчүүд уламжлалт даашинзаар гоёсон байхад хумх намар-өвөл улирлын гол трендүүдийн нэг болох баялаг хээ угалзтай өмд ба пиджакийн хослол өмсөж, бусдын анхаарлыг татна.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 11)

 

ЗАГАС

Загасны ордныхны төрөлхийн романтик сэтгэлгээ тэдний хувцаслалтад ч бас нөлөөлдөг. Эмэгтэйлэг эсгүүр, гялалзсан зөөлөн материал болон төрөл бүрийн юбка, даашинзанд ухаангүй дуртай тэд өөрийн дүр төрхөөрөө үргэлж ямар нэгэн гүнзгий утга санаа илэрхийлж байдаг. Энэ ордны бүсгүйн загварын стиль яг л ид шидийн тарни мэт хүмүүсийг ховсдож, нууцлаг, дэгжин бас ер бусын мэдрэмж төрүүлдэг. Баярын үдэшлэгт явах гэж буй загаснуудад гялалзсан ширхгүүдээр бүрхэгдсэн, энгийн хэлбэртэй богино даашинз сайхан зохино.

Загварын зурхай: Шинэ жилийн үдэшлэг дээр юу өмсөх вэ? (фото 12)

 

Versace Collection Mongolia

Утас: 70115556, Хаяг: Сентрал Тауэр, 1 давхар

Instagram хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх