2017 оны чиг хандлага: Тод өнгийн total look
Нэг өнгөөр хувцаслах нь хялбархан бөгөөд загварлаг
Саяхныг хүртэл нэгэн жигд өнгийн total look бүрдүүлэх нь маш уйтгартай, бүтээлч биш шийдэл хэмээн тооцогддог байлаа. Хэтэрхий энгийн, нэгэн хэвийн мэт санагддаг байсан total look-ийг загварын салбарынхан хэсэг хугацаанд "хорьсон" байсан юм. Гэхдээ энэ жил тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна. Хөлөөсөө толгой хүртэл нэгэн жигд тод өнгөөр хувцаслах нь хавар-зун 2017 улирлын гол трендүүдийн нэгээр тодорчээ.
Хавар-зун 2017 улиралд Gucci ягаан ба гялтганасан өнгийн total look танилцуулсан бол, Valentino-гийн Пьерпаоло Пиччоли мөн адил ягаан өнгөн дээр төвлөрлөө. Түүнчлэн Louis Vuitton-ы загварын шоу дээр гүн ногоон өнгийн футуристик хослол олны анхаарлыг татсан бол, Dries Van Noten, Mulberry ба Emilio Pucci брэндүүд шар өнгийн хувцас санал болголоо.
Хэрвээ та энэхүү трендийг дагахаар шийдсэн бол дараах хоёр дүрмийг санаад аваарай. Нэгдүгээрт энэ улиралд байж болох хамгийн тод өнгийг сонгох нь зүйтэй. Хоёрдугаарт зөвхөн хувцас гэлтгүй, гутал ба аксесуарыг нэгэн жигд өнгөөр хослуулах хэрэгтэй. Ингэснээр та "галзуу" харагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно шүү. Өөртөө итгэлтэй бусдаас тодроорой.