Ээжийнхээ хувцасны шүүгээнээс олох боломжтой 2021 оны 5 тренд
Энэ онд мегахит болох тренд хувцаснуудыг дэлгүүрээс хайхаас өмнө эхлээд ээж эсвэл эмээгийнхээ хувцасны шүүгээг нэг хараад үзээрэй. Бүр ч илүү загварлаг, винтэж хувилбарууд олдох магадлалтай шүү.
ДУНДАЖ УРТТАЙ ЖИЙНСЭН ЮБКА
Өвдөг татсан урттай, магадгүй үүнээс бага зэрэг богино эсвэл бага зэрэг урт, гэхдээ мини гэж бол тодорхойлж болохооргүй, ил оёдолтой, "чанасан" жийнсэн материалтай, төрөл бүрийн нөхөөс, хайчилбар зэрэг нэмэлт чимэглэлтэй, өөрөөр хэлбэл бидний ээжүүдийн өмсөх дуртай байсан, 1980-аад оны загварууд энэ онд тренд байх болно. Хүйтэн өдрүүдэд ийм юбкаг зузаан ноосон цамц, трико болон түрийтэй гуталтай хослуулан яг л Isabel Marant брэндийн каталог мэт загварчилж өмсөх боломжтой.
САБО
Bottega Veneta брэндийн загварын шоны дараах олон нийтийн сүлжээн дэх эерэг сэтгэгдлүүдийг харах нь ээ ирэх улиралд тус брэндийн сабо гутал суперхит болох шинжтэй байна. Юутай ч нэг брэнд дээр төвлөрөх гэлтгүй ээжийнхээ шүүгээн дэх винтэж сабо эсвэл second-hand дэлгүүрүүдээс өөр хувилбаруудыг хайгаад үзээрэй.
ХЭЭТЭЙ ХООЛОЙТОЙ ЦАМЦ
Хэдхэн жилийн өмнө хамгийн үзэмжгүй загвараар тооцогддог байсан этгээд, тод, абстракт хээтэй хоолойтой цамцнууд эргээд моданд орлоо. Ээж эсвэл эмээгийн тань хувцасны шүүгээнд ийм цамц үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Ийм цамцыг пиджак эсвэл савхин хүрэмтэй хослуулж өмсөөрэй.
БЭЛХҮҮСТЭЙ СОРОЧКА
Хэмжээгүй хэлхэгэр том сорочкануудын оронд бэлхүүстэй хувилбарууд тренд болж байна. Яг л 1990-ээд онуудад байсан шиг энгийн цулгуй загварын бэлхүүстэй сорочканууд The Row, Nanushka, Bevza, Peter Do болон илүү боломжийн үнэтэй Arket брэндүүдийн шинэ цуглуулгад орсон байгаа. Хослуулж өмсөхдөө ч мөн тухайн цаг үеийн гоо зүйн дагуу энгийн шулуун жийнс эсвэл брюк өмдтэй загварчлаарай.
ӨВДӨГ ТАТСАН УРТТАЙ ШУЛУУН ЮБКА
Хэрвээ ээж тань 2000-аад болон 2010-аад онуудад оффист ажилладаг байсан бол түүнд хэд, хэдэн ажил хэрэгч юбкатай хослол гарцаагүй байгаа байх. Өвдөг хүрсэн урттай, ардаа оноотой, шулуун, нарийхан юбкануудыг нэхмэл хантааз, бэлхүүстэй сорочка болон кардигантай хослуулж өмсөөрэй.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт