Энэ зун бид лусын дагина шиг хувцаслана
Mermaidcore чиг хандлага
Загварын ертөнц кино урлаг, дуу хөгжимтэй нягт холбоотой байсаар ирсэн. Рок, гранж, готик стилийн хувцаслалт зүгээр нэг бий болчхоогүй бөгөөд тухайн хөгжмийн урсгалаас эхтэй гэж үздэг. Гламур хэв маяг ч тэр Холливүүдийн алтан үеэр улам дэлгэрч байсан түүхтэй. Тэгвэл 2023 оны байдлаар “The Little Mermaid” кино нээлтээ хийснээр лусын дагинаас сэдэвлэсэн хувцаслалт ноёрхож эхэллээ. Disney студийн шилдэг анимейшнуудын нэг Ариэлийн түүхийг өнгөт арьст жүжигчин Холли Бэйли харуулахаар болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж киноны хандалтыг улам өсгөх нэгэн шалтгаан болсон билээ.
Mermaidcore гэж нэрлэгдэх энэхүү трендийн TikTok платформ дээрх хайлт 14.5 тэрбум хүрсэн бол, цахим орчин дахь датад суурилан загварын трендийг урьдчилан тодорхойлдог Trendalytics-ын зүгээс долоо хоног бүрд дунджаар 1,218 удаа “mermaidcore” гэх хайлт илэрч буйг мэдээлжээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 183.4% өссөн үзүүлэлт бөгөөд цаашид ч улам нэмэгдэх хандлагатай байна.
Лусын дагинын гоо зүй гэдэгт далайн цэнхэр өнгө, мөнгөлөг материал, хясааны хэлбэр, загасны хайрс мэт бүтэц, торон даашинз, сувдан үнэт эдлэл зэргийг багтаан ойлгож болно. Эдгээрийг загварчлахдаа харин Y2K болон 1970-аад оны диско урсгалыг чигээ болгон баримтлахыг зөвлөе.
Анх лусын дагинын силуэтийг францын дизайнер Марсел Роша 1930-аад онд кутюр загварын тайзнаа дэлгэрүүлсэн гэж үздэг. Төд удалгүй загвар зохион бүтээгч Жан Пату далайн амьдралаас сэдэвлэсэн даашинз урлаж, тэр нь 1933 онд гарсан Vogue сэтгүүлийн нүүрийг чимж байсан.
Орчин үед харин өдөр тутамдаа, улаан хивсэн дээр гээд лусын дагинад хувирсан хүмүүс хаа сайгүй үзэгдэх болжээ. Тухайлбал, 2023 оны Оскарын наадам дээр Холли Бейли Dolce & Gabbana брэндийн усан цэнхэр шиффон даашинзаар гоёсон бол Кейт Хадсон Oscard de la Renta-гийн загасны сүүл силуэттэй мөр гарсан даашинз өмссөн билээ. Мөн 74 дэх Эмми наадмын улаан хивсний ёслол дээр Аманда Сайфред загасны тор мэт харагдах чимхлүүр деталийн тусламжтай mermaidcore гоо зүйг бий болгосон нь нүдэнд туссан юм.