Хайх

2023 оны велнессийн гол чиг хандлагууд

2023 оны велнессийн гол чиг хандлагууд

Эдгээр 9 трендийг яг одоо хэрэгжүүлж эхлээрэй

Text: Buro.Mongolia



Ус агуулаагүй гоо сайхны бүтээгдэхүүн

2023 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 1)

“Waterless” гэх тодотголтой, найрлагадаа ус агуулаагүй, байгальд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд цоо шинэ тренд биш гэлээ ч ирэх жилүүдэд улам л эрчээ авах шинжтэй байгаа билээ. Дэлхий дахинд цэвэр усны хомсдол үүсэх эрсдэл өндөр байгаа энэ үед хэрэглэгчид ус ороогүй, хатуу бүтэцтэй үсний шампунь, нүүр болон биеийн саван зэргийг илүүтэйгээр хэрэглэж эхлээд байгаа юм. Мөн брэндүүд нүүрний хатуу серум, тос гээд өдөр тутмын бьюти бүтээгдэхүүнүүдийг waterless жишгээр хийж эхлээд байна. Future Marketing Insights консалтинг компанийн гаргасан судалгааны дагуу 2021-2031 оны хооронд найрлагад нь ус ороогүй бүтээгдэхүүний хэрэглээ ойролцоогоор 13.3%-иар өсөх магадлалтай гэнэ.


Биотехнологи

Сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт биотехнологи буюу лабораторид тусгай аргаар гарган авсан орцууд анхаарал илүү татаж байна. Тэдгээрээс одоогийн байдлаар гиалуроны хүчил, пептидүүд, бактерийн ферментүүдийг түлхүү ашигладаг аж. 


Биеийн арьсаа төгс харагдуулах

2023 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 2)

Өнгөрөгч 2022 онд алдартнууд, бьюти блогерууд эрүүл, гялалзсан, өөгүй мэт харагдах арьсаараа гоёж, төрөл бүрийн будалтууд хэрэгжүүлэхээс татгалзаж, харин оронд нь арьс арчилгаандаа илүү анхаарсан билээ. Тэгвэл энэ жилээс биеийн арьсандаа мөн анхаарч толигор, гялалзсан арьсаа бүтээхийг зөвлөж байна. Ингэхдээ биеийн арьс гялалзуулагч эффекттэй шүршдэг бүтээгдэхүүн, саатай тос, арьс борлуулагч хэрэглэхэд тохиромжтой. Хамгийн гол нь чийгшүүлэх тос тогтмол түрхэж хэвшээрэй.


Арьсны микробиом буюу бичил биетний үйл ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлэх

Микробиом гэдэг нь зөвхөн микроскопоор л харагдах, байгалиасаа хүний биед байдаг бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүдийн нэгдэл бөгөөд бидний эрүүл мэнд, дархлааны системд маш чухал ач холбогдолтой. Микробиом нь гаднын сөрөг нөлөөнөөс хамгаалж, арьсыг нөхөн төлжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг тул гоо сайхны брэндүүд саяхнаас микробиомыг дэмжих орц найрлага бүтээх тал дээр анхаарч ажиллаж байгаа юм. Арьсны микробиомтой холбоотой судалгаа, туршилтууд одоо хэр нь дутмаг байгаа тул ирээдүйд эрдэмтэд олныг гайхшируулсан нээлтүүд хийсээр байна гэдэгт итгэлтэй байж болох юм.


Дасгал хөдөлгөөн

2023 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 3)

“Өдөрт заавал 10,000 алхах” зорилгодоо хүрч чадахгүй байгаа бол өдөр тутамдаа энгийн хэр нь үр дүнтэй дасгалууд нэвтрүүлэх цаг иржээ. Фитнес, усан бассейн, пилатес, иогийн курст явах боломжгүй байгаа бол гэртээ 15-20 минутын дасгал хийж хэвшсэнээр таны бие бялдар төдийгүй сэтгэлзүйн байдал эергээр өөрчлөгдөх талаар мэргэжилтнүүд онцолдог. Түүнчлэн цахилгаан шатаар зорчихын оронд шатаар алхах, ажил болон гэр хооронд алхах, дугуй унахыг туршаад үзээрэй.


Тасалгааны ургамал тарих

Цар тахлын үеэр гэрээсээ гарах боломжгүй байсан бидний ихэнх нь тасалгааны ургамал тарьж, шинэ хоббитой болсон гэхэд хилсдэхгүй. Тэр тусмаа ногоон өнгийн ургамал нь хүний сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэхийн сацуу эрүүл мэндэд ач тустай билээ. Тиймээс энэ онд ч мөн гэрээ төрөл бүрийн ургамал, цэцэгсээр тохижуулж, цэцэрлэгжүүлэлтийн талаар тохирох ном худалдан авахад илүүдэхгүй юм.


Эрүүл нойр

2023 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 4)
  • Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж сэрэх.
  • 23 цагаас өмнө утах.
  • Унтахаасаа 2 цагийн өмнө биеийн тамираар хичээллэхгүй байж, сэтгэл санааны болон тархины ачаалал авахгүй байх.
  • Унтахаасаа 2 цагийн өмнө бүх төрлийн гажетуудаа унтраах.

Нийгэмшил

Энэ жил найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт ууланд алхах, майхантай аялал хийх, номын клубт элсэх гээд цагийг хамтдаа зугаатай өнгөрөөх зүйлсэд анхаарлаа хандуулан нэг хэвийн байдлаасаа гарах хэрэгцээтэйг лайф коуч, менторууд сануулж байна. 


Байгальд ээлтэй ариун цэврийн хэрэглэлүүд

2023 оны велнессийн гол чиг хандлагууд (фото 5)

Сүүлийн жилүүдэд салбар салбарын брэндүүд төдийгүй хувь хүмүүс ч мөн хайхрамжгүй хэрэглээнээс татгалзаж, дахин боловсруулагдах материалтай эд зүйлс сонгож, хогоо ангилж, байгальд ээлтэй, ухамсартай амьдрахыг уриалах болсон. Үүний зэрэгцээ брэндүүд олон удаа хэрэглэх боломжтой сарын тэмдгийн аяга, байгальд ээлтэй ариун цэврийн хэрэглэл, тампон гээд бүсгүйчүүдийн тогтмол хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх нь ихэссээр байгаа аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх