Хавар-зун 2018 улирлын гол тренд гутлыг Кайя Гербер өмсөж үзүүллээ
Тунгалаг
Хэрвээ та санаж байгаа бол Chanel брэндийн хавар-зун 2018 загварын шоуг Кайя Гербер нээж, тайзан дээр поливинилхлорид материалтай түрийтэй тунгалаг гутал өмсөн гарч ирсэн. Брэндийн танилцуулсан уг гутал нь хормын зуур улирлын үндсэн трендүүдийн нэг болсон бөгөөд загварын шоу зохион байгуулагдсанаас гурван сарын дараа Кайя уг гутлыг өдөр тутамдаа нэвтрүүлж эхэллээ. Тэрээр Хонг Конгд зохион байгуулагдсан Chanel Mademoiselle Privé үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирэхдээ цөцгийн цагаан өнгөтэй богино даашинзыг тунгалаг түрийтэй гуталтай хослуулан, ерөнхий төрхөө аль болох цэмцгэр, илүү дутуу детальгүй минимал хэв маягаар загварчилсан нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Өнгөрсөн оны өдийд Канье Уэстийн бүтээсэн бүхэлдээ тунгалаг гутал мини тренд үүсгэж байсныг бид мэдэгдэж, уншигчид дундаа санал асуулга явуулж байсан удаатай. Тухайн үеийн Yeezy брэндийн хувилбар Бюро 24/7-гийн уншигчдийн 69%-д таалагдаж, үлдсэн 31%-ийн таашаалд төдийлөн хүрээгүй билээ. Харин Chanel-ын хоншоор хэсгээрээ оруулгатай тунгалаг загвар танд таалагдаж байна уу?