Хайх

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд

2019 оны чиг хандлагууд

Text: Buro.Mongolia


Та бидний тэсэн ядан хүлээдэг, зуны хамгийн гайхалтай мөч болох Playtime наадам эхлэхэд ердөө долоо хоног үлджээ. Хувцаслалтаараа дамжуулан дотоод ертөнцөө илэрхийлэх боломж олгодог Playtime наадамд хүн бүр загварлаг, өвөрмөц дүр бүтээн очихыг хүсдэг билээ. Тэгвэл энэ жилийн наадамд хэрхэн хувцаслахаа хараахан шийдээгүй байгаа залуустаа зориулан хамгийн өвөрмөц хувцаслалтын санаануудыг бэлтгэлээ. Бид ковбой хэв маяг, хиппи, богемын стиль зэрэг сонгодог хөгжмийн наадмын төрхүүдээс илүүтэй шинэлэг трендүүдийг онцолсон тул анхаарлаа хандуулаарай.

Бикини

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд (фото 1)

Бикини зөвхөн далайн эрэг дээр биеэ шарах аль эсвэл усан санд сэлэхэд л зориулагдсан өмсгөл биш гэдгийг энэ жилийн Coachella наадмын street style төрхүүд баталлаа. Гоёмсог загвартай бикиниг өндөр суудалтай жийнсэн өмд, намирсан юбка, карго өмд зэрэгтэй хослуулан  өмсөхийг санал болгож байна.

Tie-dye эффекттэй хувцас

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд (фото 2)

Хялбар аргаар өнгөлөг, өвөрмөц дүр төрх бүрдүүлэхийг хүсч байвал энэ улирлын гол хээний нэг болох tie-dye эффекттэй загварыг сонгоорой. Тухайлбал загвар өмсөгч Жижи Хадид энэ жилийн Coachella наадамд tie-dye хээтэй хантаазыг цагаан богино топ, карго загварын өмдтэй хослуулсан бол Виржил Абло, Сита Aбеллан зэрэг алдартнууд tie-dye эффекттэй футболка ба цамц сонгосон байлаа.

DJ Peggy Gou-ийн хувцаслалт

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд (фото 3)

Хөгжмийн наадамд оролцохдоо ямар нэгэн тренд дагах биш харин хайртай уран бүтээлчийнхээ хувцаслалтаас бүтээлч сэдэл авч яагаад болохгүй гэж?Тэр дундаа хамгийн загварлаг DJ нарын нэг болох Peggy Gou-ийн хувцаслалтыг дуурайхыг бид санал болгож байна. Хавай уур амьсгалтай торгомсог цамц ба шоорт, өнгөлөг хүрээтэй нарны шил, Vans кет гээд түүний төрх хөгжмийн наадамд хамгийн тохиромжтой төдийгүй таныг загварын мэдрэмжтэй нэгэн гэдгийг батлах болно.

Карго загварын өмд

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд (фото 4)

1990-ээд онд мода болж байсан карго загварын өмд энэ улиралд эргэн ирлээ. Карго загварын өмдийг бариу загвартай футболка эсвэл богино топ болоод үзэмжгүй пүүз, зузаан ултай кет зэрэгтэй хослуулаарай.

Технологижсон аксесуар

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд (фото 5)

Harness буюу бэхэлгээ загварын бүс, ажилчны өмсгөлийг санагдуулам хантааз зэрэг технологижсон аксесуар ашиглан хувцаслалтаа баяжуулаарай. Тухайлбал бэхэлгээ загварын бүсийг чөлөөт загварын даашинз, oversize загварын футболка дээр зүүж болох бол юүдэнтэй цамц, жийнсэн хүрэм зэрэг дээр хантааз өмсөж street wear хэв маягийг хувцаслалтдаа нэмэхийг санал болгож байна.

Панама малгай

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд (фото 6)

Өнгөрсөн онд давамгайлсан винил саравчийг панама малгай орлох боллоо. Панама малгай нь савхин хүрэм, намирсан даашинз эсвэл торгомсог цамц гээд ямар ч төрлийн загваруудтай уусч чадахаас гадна нар, салхинаас хамгаалах болно.

Дугуйчны шоорт

Playtime хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн өвөрмөц төрхүүд (фото 7)

Энэ онд богино шоортны оронд дугуйчны өмсгөлийг санагдуулам өвдөг хүрсэн урттай, бариу шоорт өмсөх нь тренд болсон билээ. Jacquemus, Mango брэндүүд нэхмэл дугуйчны шоортыг танилцуулсан бол Frame, Levi’s зэрэг брэндүүдээс жийнсэн хувилбарыг олох боломжтой.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх