Шинэ гутал, шинэ мода: Балерина пүүз
Балетын чешкиг санагдуулам балерина гутлын эрэлт нэмэгдэж, томоохон тренд болоод буй. Ер нь сүүлийн улирлуудад эмэгтэйлэг, романтик хэв маяг давамгайлж байгаа учраас усан ягаан өнгө, тууз, сувдан чимэглэл зэрэг нь бидний хувцасны шүүгээний өнгө аясыг тодорхойлж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү чиг хандлага нь улам тэлсээр дизайнерууд балерина хэв маягтай пүүз хүртэл гаргажээ. Анхны харцаар энэ төрлийн загвар нь хан боргоцойтой пицца ч юм уу, аль эсвэл байцайтай цуйван шиг хоорондоо нэг л зохицохгүй байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж болзошгүй. Гэхдээ заримдаа төсөөлөлд буудаггүй зүйлс бодит байдал дээр эвлэгхэн таарах нь олонтоо. Түүнчлэн балерина пүүз нь "Балет бол урлаг. Үгүй ээ, энэ бол спорт" гэдэг хоёрдмол тодорхойлолтыг нэгтгэж, төгс илэрхийлсэн мэт харагдлаа.
Балерина пүүзийг анх толилуулсан брэндүүдийн нэг бол Simone Rocha. Тэд ирээдүйг тун оновчтой зөгнөж бүр хавар-зун 2021 улирлынхаа цуглуулгад энэ төрлийн загварыг багтааж байсан юм. Simone Rocha-гийн балерина пүүзний их бие аавын пүүзийг санагдуулам бандгар боловч яг л шаазан хүүхэлдэйн гоёмсог туфли шиг сувдаар чимэглэсэн олмоор бэхлэгддэг ажээ.
Simone Rocha-гийн араас олон брэндүүд тус гутлыг урлаж эхэлсний нэг нь Sandy Liang билээ. Энэ бол 2014 онд үүсгэн байгуулагдсан залуу брэндүүдийн нэг бөгөөд эмэгтэйлэг чанарыг тодотгосон, романтик загваруудаараа хурдан хугацаанд алдаршаад байгаа юм. Тэгвэл Sandy Liang саяхан спорт хувцасны франц брэнд Salomon-той хамтран балерина пүүз гаргасан нь цахим сүлжээнд багагүй хандалт аваад байна. Хувцсыг тав тух, эдэлгээ, инновацлаг байдлаар урладаг спорт брэнд болон бүтээлч байдал, гоо зүйг чухалчилдаг Sandy Liang хоёрын “дүрмийн бус” хамтрал нь загварын хорхойтнууд бидэнд шинэлэг санагдсан нь ойлгомжтой биз ээ. Тэдний санал болгож буй загвар нь товчхондоо торгомсог ягаан туузтай гүйлтийн пүүз юм. “Би мэри-жейн гутлын силуэтээс урам зориг авсан” хэмээн Лиан балерина пүүзнийхээ талаар онцолсон бөгөөд тейлор хийцтэй хослол, намирсан даашинз гэхчлэн ямар ч төрлийн хувцастай хослуулж болдог давуу талаас нь мөн хуваалцжээ.