Хайх

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ?

Тренч цувны улирал ирлээ: Ямар загварууд моданд орсон бэ?

Гялтганасан, өнгөлөг, урт зэрэг олон сонголт бий

Text: Buro.Mongolia


Гялтганасан, өнгөлөг

1980-аад онд ид эрчээ авч байсан сатин, винил, лаакан савхин материалтай тренч цувнууд эргэн моданд орлоо. Ихэвчлэн тод эсвэл саармаг өнгөөр урласан энэхүү цувны материал нь салхи нэвтрүүлэхгүй тул сэрүүн цаг агаарт тохиромжтой.

Шагай хүрсэн урт

Зөвхөн тренч гэлтгүй шагай хүрсэн урт пальто, юбка, даашинзууд олон брэндийн шинэ цуглуулгад багтжээ. Энэхүү цувыг бүх төрлийн хувцастай зохицуулж болохоос гадна хормойн доогуураа цухуйна гэж санаа зоволтгүйгээр макси юбкатай хослуулах боломжтой.

Залгааснууд

Харилцан адилгүй өнгө, хээ, бүтэцтэй материалуудыг хооронд нь залгах нь намрын гол трендүүдийн нэгээр тодроод байна. Тухайлбал, Burberry загварын ордон жийнсэн оруулгатай тренчийг урлаж өөрсдийн логотой, сонгодог загвараасаа завсарлага авсан бол Paco Rabbane брэнд сул эсгүүртэй, зузаан цувандаа PVC деталиудыг оруулжээ.

Өнгөлөг

Зугаатай зуны өдрүүд дуусаж албан ёсоор намар ирсэн хэдий ч энэ нь тод, өнгөлөг хувцаслахаа болих шалтгаан биш юм. Тиймдээ ч Fendi, Valentino, Dries Van Noten брэндүүд тренч цуваа урлахдаа шар, улаан өнгийг сонгожээ. Харин Виктория Бекхэм, Мария Грация Кьюри бүтээлч захирлууд намар-өвөл 2021 цуглуулгадаа цэцгэн хээг оруулсан байна.

Классик

Та өдөр тутамд, ажилдаа болон бусад үед тохиромжтой энгийн атлаа загварлаг төрхийг бүрдүүлэхийг хүсэж байгаа бол классик тренчээ өмсөхөд л хангалттай. Beige өнгийн миди тренч цув хэзээ ч моданаас гарахгүй тул энэхүү загварыг хүн бүр хувцасны шүүгээнийхээ нэг хэсэг болгоорой.

Шоотой загвар

Шоо бол 2021 оны намар-өвлийн чиг хандлагын гол хээнүүдийн нэг юм. Givenchy брэндийн цуглуулгад өндөр захтай windowpane хээтэй тренч багтсан бол Rag & Bone загварын ордон сул эсгүүр бүхий Prince Wales хээтэй цувыг урласан харагдлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх