Агаарын бохирдол чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна
Агаар дахь PM2.5 тоосонцор цусан дахь сахрын хэмжээг ихэсгэж буй нь судалгаагаар батлагджээ
Агаарын бохирдол ихтэй хотуудын жагсаалтад дээгүүрт ордог Энэтхэг улсын нийслэл Дели болон Чанай хотуудад хийсэн судалгаагаар агаарын бохирдол нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж буй нь батлагдлаа. Тодруулбал, 2010-2017 оны хооронд тус улсын эрдэмтэн, судлаачид хүрээлэн буй орчны агаарын бохирдлын талаарх хиймэл дагуулын мэдээллийг ашиглан агаар дахь PM2.5 тоосонцор болон цусан дахь сахарын хэмжээний уялдаа холбоог судалсан байна. Нийт 12,000 оршин суугч дээр долоон жилийн турш хийгдсэн энэхүү ажиглалт, судалгааны үр дүнд PM2.5 тоосонцрын хэт өндөр нөлөөнд нэг сарын хугацаанд байхад цусан дахь сахарын хэмжээ ихсэж, харин нэг жил ба түүнээс дээш хугацаанд байхад хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж буй нь тогтоогджээ. Түүнчлэн PM2.5 тоосонцрын жилийн дундаж түвшин 10 мкг/м3 нэмэгдэх тутам тус өвчнөөр өвчлөх эрсдэл 22 хувиар өсөж байсан гэнэ.
PM2.5 жижиг ширхэглэгт тоосонцор нь машины хөдөлгүүр, үйлдвэр, цахилгаан станц, нүүрс зэрэг эх үүсвэрүүдээс голчлон ялгардаг. Хүний нэг ширхэг үснээс хэд дахин жижиг энэхүү тоосонцор нь уушгинд гүн нэвтэрч маш олон төрлийн амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг аж. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Дели хотын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюулгүй байдлын хэмжээнээс 100 дахин их үзүүлэлттэй гарсан ба Энэтхэг улсын хэмжээнд нийт насанд хүрэгчдийн долоон хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй гэсэн судалгаа бий.
Меданта эмнэлгийн эмч Арвинд Кумарын тодорхойлж буйгаар агаарын бохирдол нь биднийг төрсөн цагаас эхлэн уушгиар дамжин цусанд нэвчиж, хүний биеийн эд эс бүрд нөлөөлж, гэмтээж байдаг учир эрүүл мэндийн салбарын хувьд энэ нь маш ноцтой, яаралтай арга хэмжээ авах ёстой зүйл хэмээсэн юм. Манай орны хувьд ч мөн огцом нэмэгдсэн хотжилтоос үүдэлтэй агаар, ус, хөрсний бохирдол нь улирал солигдох болон хүйтний эрч чангарахтай зэрэгцэн ихэссээр удаж буй. Иймээс агаарын бохирдол ихтэй цаг үед аль болох маск зүүх, сүү, цагаан идээ тогтмол хэрэглэх, чанартай нойр, хоолоор дархлаагаа дэмжиж, амралтын өдрүүдийг аль болох цэвэр агаарт гарч өнгөрүүлэхийг зөвлөж байна.