Хайх

Хөл хорионоос хэрхэн стресс багатай гарах вэ?

Хөл хорионоос хэрхэн стресс багатай гарах вэ?

Хэзээ нэгэн цагт хөл хорио тавигдах тул одооноос бие болоод сэтгэл санаагаа бэлдээрэй

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

Зарим хүмүүсийн хувьд карантинаас гарах нь бөөн баяр болох бол өөр нэгэн хэсэгт нь маш их стресс болно. Тэгвэл хэвийн амьдралдаа хэрхэн эргэж орох талаар сэтгэл судлаач Лена Фейгин дэлгэж байна.

Цар тахлын дараа амьдрал ямар байх талаар болон үүний дараа хэвийн амьдралдаа хамгийн бага гарз хохиролтойгоор хэрхэн эргэж орох тухай футурологчид, сэтэл судлаачид, бизнесменүүд ярьсаар л байна. Гэхдээ одоо үүнээс өмнө ойрын ирээдүйнхээ талаар ярилцаж, үүссэн шинэ нөхцөл байдалд дасан зохицох талаар зөвлөхийг хүслээ.

Хэвийн амьдрал уу эсвэл өмнөх амьдрал уу?

Хувь хүний зан араншингаас шалтгаалан хүмүүс цар тахал, тусгаарлалт, вирус зэргийг янз бүрээр хүлээн авч байна. Зарим хүмүүс хууль дүрмийн дагуу сайн дураараа өөрийгөө тусгаарлаж, хүнсний дэлгүүр л орж эсвэл хүнсээ гэртээ хүргүүлж, хогоо асгах гэж л гэрээсээ гарч байгаа бол зарим нэг нь олон хүн цугларсан газар очиж, хоорондын зайгаа барихыг үл тоож байгаа билээ. Тэгвэл хөл хорио таны хувьд ямар байснаас карантинаас гарах үйл явц шалтгаалах болно.

Олон янзын судалгаанаас харахад хүний зуршил 21 хоногт тогтдог. Бидний хувьд ч мөн ялгаагүй энэ хугацаанд шинэ зуршил, амьдралын хэв маяг тогтсон байгаа бөгөөд карантинаас гарах үед бид шинэ нөхцөл байдалд дасан зохицох хэрэг гарна. Тиймээс хэрвээ бид өмнөх амьдралдаа эргэн орох уу гэж асуувал хариулт нь "Үгүй" байх болов уу. Харин хэрвээ та сүүлийн нэг сарын хугацаанд хөл хорионд оролгүйгээр найзуудтайгаа үргэлжлүүлэн уулзаж, ажилдаа явж байсан бол та шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүй гэсэн үг.


Сэтгэлийн түгшүүр

Олон хүн карантины үеэр ямар нэг хэмжээнд түгшүүр мэдэрсэн. Хэдийгээр бид найз нөхөдтэйгөө уулзахыг хүсэж байгаа ч одооноос бусадтай биеийн контакт үүсгэхдээ бэлэн байгаа эсэхээ бодолцох болжээ. Улмаар цаашид хүмүүстэй уулзахдаа бие, биенээ үнсэж, тэврэх зуршил алга болох өндөр магадлалтай болоод байна. Бид бүх зүйлд анхаарал болгоомжтой хандаж, зарим тохиолдолд олон хүн цугларсан газраас аль болох зайлсхийх нь гарцаагүй. Мөн интроверт хүмүүсийн хувьд эргээд нийгмийн идэвхтэй амьдрал руу эргэн орох, бүр оффис руугаа буцах хүсэл төрөхгүй ч байж магад.

Хөл хорионоос аажим, аажмаар, шинэ бодит байдалдаа дасан зохицож гарах хэрэгтэй. Түгшүүр мэдрэх эмгэгийг алхам алхмаар эмчилдэг шиг хөл хорионоос ч мөн адил шат дараалалтайгаар гарах нь зүйтэй. Үүний тулд удирдлагатайгаа ярилцан аажмаар ажилдаа эргэн орохоо тохироорой. Жишээ нь долоо хоногийн 1-2 өдөрт нь оффис дээрээ ажиллаад аажим аажмаар энэ өдрийн тоогоо нэмэх хэрэгтэй юм. Түүнчлэн нийтийн тээврээр зорчихгүйн тулд хамт ажилладаг хүнтэйгээ нэг автомашинаар ажилдаа явахаар тохироорой.

Мэдээж хэрэг хамтран ажилладаг хэн нэгэн тань танаас сэтгэл санааны дэмжлэг авахыг хүсвэл түшиг тулгуур болох хэрэгтэй бөгөөд энэ нь эргээд танд мөн адил дэмжлэг болох болно. Учир нь хамтдаа асуудлыг даван туулах нь үргэлж амар байдаг шүү дээ. Хэрвээ энэ бүхнийг туршиж үзээд ч түгшүүр мэдэрсэн хэвээр байвал мэргэжлийн тусламж авахыг зөвлөж байна.


Гэр бүл болон чөлөөт цаг

Хөл хорио гэр бүлийн харилцаанд ч асар их нөлөө үзүүлжээ. Гэр бүлийн ерөнхий динамик өөрчлөгдөж бид хүүхдүүд, эхнэр, нөхрөө илүү сайн танин мэдэж, гэр бүл бидний амьдралд ямар чухал болохыг ойлгож байна. Тусгаарлалт нь бидэнд өөрийгөө ч илүү сайн танин мэдэхэд тусалж байгаа. Тэр дундаа ганцаардал эсвэл нийгмийн харилцааны ач холбогдлыг ухаарч байна.

Үүнээс гадна хөл хорио тавигдсаны дараа бид асуудлуудаасаа зугтахын тулд шууд л үдэшлэг, зугаа цэнгэлийг сонгохоо болих болов уу. Мөн худалдааны төв, дэлгүүр хэсэх хүсэл багасаж, хотоос гарч, ой мод эсвэл цэцэрлэгт хүрээлэнд зугаалах нь ихэснэ гэж найдаж байна.


Ажил хайлт

Хэрвээ та хөл хорионы үеэр ажлын байраа алдсан бол хамгийн түрүүнд тайван, эерэг байхыг хичээгээрэй. Эерэг бодол тань шинэ ажлын ярилцлагын үеэр шууд мэдрэгдэнэ гэдэгт итгээрэй. Ажил олдохгүй байх нь таны гол айдас уу? Тэгвэл орчин үед ажлын эрэлд тань янз бүрийн арга барилууд туслах болно гэдгийг санаарай. Тэглээ ч одоо маш олон компанид асар их бүтцийн өөрчлөлт гарсан тул ажилд зуучлагч компаниуд шинэ ажилтан олохын тулд шаргуу ажиллаж байгаа гэдгийг санаж явахад зүгээр. Хэдийгээр танд тавьж байгаа саналууд өмнөх нөхцөл байдлаар тань өөр байсан ч хамгийн чухал нь ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юм.

Сэтгэл судлалын талаас дүгнэвэл юуны түрүүнд оюун ухаанаа идэвхтэй байлгах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хүн өдөрт хамгийн багадаа нэг цагийг ямар нэг шинэ зүйл сурч, мэдэх, шинэ мэдээлэл авахад зориулах ёстой гэнэ. Ингэснээр шинэ авьяас чадвар, цар хүрээ нээгдэхийн зэрэгцээ ажлын байрны шинэ боломжууд ч танд нээлттэй болох юм.

Хэрвээ та аль эртнээс л өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэхийг хүсдэг байсан бол цар тахал дуусахыг хүлээлгүй шинэ нөхцөл байдалд ямар санаа, боломжууд байгааг, мөн юу эрэлттэй байхыг судлаад үзээрэй.


Бусад боломжууд

Хөл хорионоос аажмаар, эерэг бодолтой гарахад өөр юу туслах вэ гэж үү? Спортоор хичээллээд үзээрэй. Биеийн тамир нь хүний бие организмд аз жаргалын даавар ялгаруулдаг. Гэртээ, өдөр бүр амралтын өдрийг алгасалгүй дасгал хийгээрэй. Хөл хорионоос гарах үйл явц нь стресс нэмэгдүүлдэг тул эерэг сэтгэл хөдлөл, эндорфин танд маш их хэрэг болно.

Түүнчлэн анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлж сурснаар та өөрт тохиолдсон сайхан үйл явдлуудад анхаарал хандуулж, эерэг бодлуудаар дүүрэн байх болно. Эцэст нь хэлэхэд айдас, түгшүүрийг үл харгалзан хүнд цаг үе шинэ, гэнэтийн боломжуудаар дүүрэн байдгийг битгий мартаарай. Стресстэй нөхцөл байдлыг хэдий хэцүү ч Рубикийн шоо шиг л хүлээн аваарай. Шоог эвлүүлэхийн тулд ердөө зөв арга замыг нь олох л хэрэгтэй байдаг шүү дээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх