Халуун ногоо эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
Халуун ногоо илүүдэл жинтэй тэмцэхэд тусална
Халуун ногоотой хүнс монгол хоолны соёлд нэлээд шинэ учир хүмүүс ихэвчлэн биед сөрөг нөлөөтэй талаас авч үзэх нь олонтоо. Гэвч энэхүү төрлийн хүнс дан ганц хөлс гаргаж, хэл чимчигнүүлэхээс гадна жин хасах, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, зүрх судасны хэвийн байдлыг хангах гэх мэт эрүүл мэндийн олон талын ашиг тустай байна.
Халуун ногоо жин хасахад хэрхэн нөлөөлдөг вэ?
Халуу ногоо тогтмол иддэг хүмүүс хэт таргалалт болон илүүдэл жинтэй болох магадлал харьцангуй бага байдаг нь судалгаагаар батлагдсан. Халуун ногооны талаарх судалгаанууд голчлон халуун чинжүүний үндсэн амтыг гаргадаг капсаицин дээр төвлөрдөг бөгөөд зарим судалгаагаар энэхүү бодис нь өөх задлах, энерги шатаах чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь ходоод гэдэс цочроох эрсдэл ч мөн дагуулна. Хоол тэжээлийн мэргэжилтэн Патришиа Брижит Лейн “Капсаицин нь өлсөх болон цадах мэдрэмжийг хянадаг тархины хэсэг болох гипоталамусд нөлөөлдөг учир хоолондоо бага зэргийн халуун ногоо нэмэхэд л илүү хурдан цадах мэдрэмж авдаг. Мөн халуун ногоо тогтмол иддэг хүмүүс өдрийн турш харьцангуй бага хоол иддэг” хэмээн ярьсан байдаг.
Зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг
Вермонтын их сургуулиас хийсэн судалгаагаар халуун ногоо түлхүү хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчлөлөөр нас барах магадлал бага байдгийг илрүүлжээ. Халуун ногоо нь хоол хүнсний өөх тосыг маш сайн задалдаг учир зүрх судасны үйл ажиллагааг хэвийн явуулах хөшүүрэг болж өгдөг.
Микробиом буюу бичил биетний үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг
Эмзэг ходоодтой хүнд халуун ногоо нь маш буруу сонголт мэт сонсогдож болох ч капсаицин нь гэдэсний бичил биетэд сайнаар нөлөөлдөг аж. Микробиом гэдэг нь зөвхөн микроскопоор л харагдах боломжтой, байгалиасаа хүний биед байдаг бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүдийн нэгдэл бөгөөд бидний эрүүл мэнд, дархлааны системд маш чухал ач холбогдолтой. Харин халуун ногоо нь эдгээр бичил биетэд нөлөөлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг байна.
Үрэвсэл намдаана
Капсаицин нь таргалалттай холбоотойгоор ходоод гэдсэнд үүсдэг үрэвсэлт өвчинтэй тэмцэх чадвартай. Мөн энэхүү бодис нь өвчин намдаах зориулалтаар хэрэглэгддэг тос болон наалтуудын гол орц найрлага болдгоос гадна үе мөчний үрэвсэл, фибромиалгиа зэрэг архаг хууч өвчнийг анагаахад нөлөөлдөг аж.
Гэвч та халуун ногоог эрүүл, зөв хооллолттой хослуулалгүйгээр дангаар нь, эсвэл үргэлж буруу байдлаар хэрэглэдэг бол энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж, холестерин бууруулах нь бүү хэл олон сөрөг үр дагавар үзүүлэх боломжтойг санах хэрэгтэй. Мөн бүхий л халуун ногоо сайн гэсэн үг биш бөгөөд халуун чинжүү болон хатаасан чили нунтаг олон сайн орц найрлагыг агуулдаг бол халуун сүмс болон бэлэн зарагддаг савласан амтлагчид их хэмжээний давс болон бусад амт оруулах найрлагуудыг багтаасан байдаг учир тогтмол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.